Монгол төрийн босго өндөр

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өөр өөрийн имижийг бүрдүүлэн яг 14 хоногийг өнгөрүүлж, цаана нь ердөө тавхан хоног үлджээ. Өнгөрсөн өдрүүдэд нэр дэвшигчдийн имиж бүрдүүлэлт, сонгогдвол юу хийх, хувь хүн нь хэн болохоо харууллаа. Энэ бол манай өнөөдрийн улс төрийн хөгжил, соёлын илэрхийлэл юм. Асгарсан олон мэдээллээс алийг нь тосч авч сонголтоо тунгааж буй нь хүртэл сонгогчдын боловсрол,соёл, хөгжлийг харуулж байна.

Хамгийн ихээр сонгогчдыг залхаасан мэдээлэл нь 60 тэрбумын бичлэг гэгчийн тухай байлаа. Ам дамжин хов живийн хэлбэрээр олон нийтэд хүрч, зориудаар тарааж буй нийгмийн сүлжээнд давалгаалуулсан зохиомжийг нь нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүртэл албан мэдээ мэтээр эх сурвалж болгон эфир, сониныхоо хойморт заллаа. Гол нь энэ талаар хуулийн байгууллагууд дүгнэлт гаргаагүй байгаа болохоор олон сонгуулийн нүүр үзсэн, хар пиарын далайд сэлж, живж сонголтоо хийсэн ч “алдлаа” гэж бодож байсангүй. Зөв хүнээс төрийн өндөр босгоороо давуулаад л өргөж дэмжээд Төрт ёсоо хүндэтгэдэг сайхан уламжлалтай.

Хэчнээн уран донгодож, эсвэл өрөвдүүлэх гэсэн ч мөн чанарыг нь таниад босгоны цаана үлдээж чаддаг билээ. Энэ удаагийн сонгуулиар ч Монгол төрийн босгоог намсгах, хар пиарын хүчээр “хөрөөдөх” гээд байгаа оролдлогуудыг харж байна. Монголын сонгогчдын төрөө сонгох итгэл сэтгэлийн ноён нуруу нам дамжин хэсч явдаг гэмт хэргийн цуглуулга болсон залуугийн нотлогдоогүй худал яриа, элдэв эвлүүлэг тоглоом, нүд эрээлжлэм зохиомол зураг дээр, эсвэл хэдэн халтар вон дээр хугардаггүй юм.

Төрт ёсоо дээдлэн авч явах Төрийн тэргүүнээ сонгохдоо зөвхөн эв нэгдлийг эрхэмлэдэг, задлахын төлөө биш нэгтгэхийн төлөө, гацаахын төлөө биш урагшлахын төлөө чин эрмэлзэлтэй, дипломат харилцааны хэм хэмжээний торгон мэдрэмжтэй наанадаж хөршүүддээ нэр хүндтэй, төрийн эрхийн институцийн жолоог  атгаж үзсэн хүн гэвэл МАН-аас нэр дэвшигч М.Энхболд байна.

Төрийг байтугай намаа, намаа байтугай МоАХ-г хагалан бутаргаж талцуулж сурсан, бүтээн байгуулалтын ажлыг гацаасандаа баяртай байгаагаа илэрхийлдэг, Засгийн газраа унагачихаад танхимын тэргүүнээ огцруулах гарын үсгээ заналтайгаар зурснаараа бахархдаг, хөршүүддээ төдийгүй Япон, БНСУ-тай харилцсан түвшнийхнээсээ хуурч мэхэлсэн, мөнгө угаах гэмт хэргээр яллагдагчаар татагдсан, Ерөнхийлөгч боллоо гэхэд танилцуулахаас нүүр халах намтар түүхтэй нэр дэвшигчид итгэл хүлээлгэхэд Монгол төрийн босго өндөрдөхгүй гэж үү. Тэр мөнгөөр ажлаа, амлалтаа, зорилгоо хэмждэгийн жишээ нь “Дутуу мөнгө өгчихөөд бүтэн төмөр зам авах гэлээ” гэх юм. Түүний хэмжүүр ийм бол Монгол Улсын хэмжээнд зорилго, зорилтыг нь биелүүлэх, ажлаа бүтэн хийлгэж, мөрийн хөтөлбөрийг нь бүрэн биелүүлүүлэх хэмжээний мөнгө байгаа билүү гэж халаасаа тэмтрэх шахав. Ийм нүдээр, тийм сэтгэлээр төрийн ажилд хандаж болдоггүй. Болохгүйг болгохын төлөө, байхгүйг байлгахын төлөө өл дааж зүтгэсэээр өдийг хүрсэн буурал түүхээ, амьд гэрчүүдийг нь эргэн хар! Сэтгэлийн хүчээр бэрхшээлийг давж, бүрэн сэтгэл бүтэн зүтгэлээр тэд ажлаа хэмжиж байснаас төгрөг мөнгө төрөөсөө нэхэж явсангүй ээ.

Монголын шинэ үеийн түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан цагаас л ард түмний идэх талхыг өшиглөж тоглосоор олонд танигдсан, хөрөнгө оруулагчдыг “эсэргүүцэхийн тулд л эсэргүүцсээр” ирсэн ч хувь хүнд нь ашигтай бол хүн л юм хойно наймаалцчихаас буцдаггүй нэр дэвшигч С.Ганбаатар саяхан Солонгосын иргэнээс 50 сая вон бэлгэнд авахдаа үгэн дотроо үг нууж юу юу ч амлачихав даа. Түүнийг сонгочихоод Канад, Австралийн томоохон хөрөнгө оруулагчидтай хэрхэн харилцах бол гэдэгт санаа зовиноно гэхээр ирээдүйгээ төсөөлөхөд бэрх. “Өмнө нь хэлсэн үг хойноо гэрч” гэдэг. Ид жагсаж явахдаа “Би албан тушаалд, энэ ноёд түшмэдийн суудалд огт санаархаагүй ээ” гэсэн тэрбээр бараг л сансрын хурдаар “өнөөдрийн өндөрлөгт” хүрсэн байгаа биз. Одоо хэрвээ Ерөнхийлгчөөр сонгогдчихвол түүнд улс орныхоо хөгжлийн жолоог атгаж, төрөө тэргүүлж бусад оронд очоод Монголд хашгирдаг шигээ чарлаад байх эрх үгүй болно. Цээжний бангаар тэр хөрөнгө оруулагч чинь ийм хочтой тийм луйварчин, манай улсын тэр сайд, гишүүнтэй ингэж сүлбэлддэг юм гээд зарлаад байвал ямар харагдах вэ. Өөрийнхөө тухай ярьдаг шиг “манай Монгол ядарсан буурай орон” гээд нэр хүндийг нь унагаж тэнгэрлэг бардам эрхэмсэг чанарыг нь үгүйсгэх нь дипломат ёсонд үл нийцнэ.

Ерөнхийлөгчийг сонгоно гэдэг олон дутагдалтайг нь 1-2 жилийн турш зааж сургаж байх дамжаа биш юм аа. Тийм зав чөлөө, ёс зүй ч байхгүй. Сургах шаардлагатай алдаа дутагдал ихтэй хүнийг Монгол төрийн босго өндөрдөөд хүлээж авдаггүй. Тэр босго нь сонгогчид. Ард түмэн өөрөө бэлтгэгдсэн хүнээ таньж, тэр нь нийгмийн захиалгад нийцсэн бол Монгол төрийн босгоор итгэл дүүрэн сэтгэл бардам давж ард иргэд нь алгаа тосоод мэхийн ёслоод авдаг сайхан уламжлалтай. Улсын баяр наадмаа нээхэд ч, хоёр он солигдоход ч, сар шинийн өглөө ч сэтгэлд нийцтэй халуун дулаан илч энергитэй, өрх бүрт амьдрах итгэл бэлэглэж чаддаг тийм Ерөнхийлөгчөө догдлон хүлээж суух сайхаан.

Монголын ирээдүйг бараанаар төсөөлдөг хүнийг монгол төрийн босгоор өргөж, сугадаж, түлхэж оруулчихаад дээрх сайхан мөчүүдэд ямар муу муухай үг хавчуулж сонор гутаах бол, хэрхэн үг үйлдэл нь зөрөх бол гэж жихүүцэж суух дөрвөн жил арай тосохгүй байлгүй дээ.

Монгол төрийн босго өндөр, Монгол түмний заяа өндөр, Монголын ард түмний сонголт мэргэн байх болтугай.

Ж.Сондор

Бусдад түгээх
  • gplus