Устгахаар хураасан бүтээгдэхүүн дутсан зөрчил илэрчээ
Баянгол дүүргийн прокуророос тус дүүргийн Засаг дарга, хороодын Засаг дарга, Цэргийн штаб, Бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон харьяа Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд  заасан үндэслэл, журмын дагуу хийгдэж байгаа эсэхийг 2016  оны сүүлийн хагас  жил, 2017 оны эхний 1 дүгээр улирлын байдлаар шалгасан байна. Шалгалтын явцад эрх бүхий албан тушаалтнуудаас захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан  нийт 6211 материалыг хянаж, давхардсан тоогоор 348 зөрчил илрүүлж, 1 захиргааны шийтгэврийг хүчингүй болгож, 4 захиргааны шийтгэвэрт өөрчлөлт оруулжээ.  
 
Баянгол дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүд нь шалгалтанд хамрагдсан хугацаанд шийтгэврээр 276 иргэн, аж ахуй нэгж байгууллагыг 15.820.000 төгрөгөөр, торгуулийн хуудсаар 2398 иргэнийг 13.261.000 төгрөг торгож, 23695 литр архи, 244 литр шар айраг, 6 литр дарс, 232 хайрцаг 761 ширхэг тамхи зэргийг захиргааны журмаар хураан авсан байна.   Цагдаагийн байгууллагын захиргааны журмаар хураан авсан эд зүйлийг Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлэх хүртэл бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах тал дээр хангалтгүй, зөвлөлийн ажилтан нь устгуулахаар ирүүлсэн эд зүйлийг цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албан тоотын хэмжээнд эд зүйлийг хүлээн авдагаас шалтгаалж хураан авсан эд зүйл нь дутагдсан зөрчил илэрчээ.   Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нараас 650 ширхэг 1.944.780 төгрөгний эд зүйл хураан авч,  үүнээс 66 ширхэг 388.700 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг улсын орлого болгон, 29 аж ахуй нэгж байгууллага, хувь хүнд 9.890.000 төгрөгийн захиргааны шийтгэвэр оногдуулж хууль бус орлого 40.450 төгрөгний орлого хураан авсан байна.
 
Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын үйл ажиллагаанд ноцтой зөрчил илрээгүй бөгөөд харин захиргааны зөрчлийн материалжуулалт, нотлох ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, нэгдсэн судалгаа байхгүй байжээ. Улсын бүртгэлийн байцаагч нар нь зөрчлийн тэмдэглэлд зөрчил гаргасан огноо, утгыг тодорхой бичдэггүй /тодорхой бичсэн нэг ч тохиолдол гараагүй/, зөрчлийн тэмдэглэлд зөрчил гаргасан огноог бичдэггүйгээс захиргааны зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах хугацааг зөв баримталсан эсэхийг шалгах боломжгүй, зөрчил гаргасан этгээдээр гарын үсэг зуруулаагүй, зөрчил гаргагчийн овог нэрийг бичээгүй зэрэг зөрчлийг нийтлэг гаргасан байна. Дүүрэг хороодын Засаг дарга нарын тухайд гэвэл хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлээгүй, захиргааны арга хэмжээ огт аваагүй байжээ. Дээр дурьдсан  зөрчлийг дахин гаргуулахгүй байх талаар тус прокурорын газраас шаардлага хүргүүлж, шалгалт хийсэн байгуулага бүрт сургалт, яриа таниулга хийсэн байна.
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus