Казиногийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх амжих уу
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаатай холбогдуулан хаврын чуулганыг түр завсарлуулаад байгаа. Ирэх сарын эхээр хаалтаа хийх товтой хаврын чуулган хэр үр дүнтэй хуралдсан бэ?

Хаврын ээлжит чуулган нээлтээ хийсэн даруйдаа төсвийн тодотгол хийж, ОУВС-гийн тусгай хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлсэн юм.

Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Харин энэ удаагийн чуулганы хугацаанд хэлэлцэх жагсаалтад орсон Казиногийн тухай хуулийн хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэх амжих уу?

Монгол улсад 1990-ээд оны дундуур Казиногийн тухай хууль батлагдаж, уг хуулийн дагуу казино байгуулах эрхийн тендер зарлагдсан бөгөөд "Мон Макао" компани уг тендерт ялжээ. Гэвч өрсөлдөгчид нь тендер шударга бус болсон хэмээн заргалдсанаар эцэстээ Монгол улсын түүхэнд анх удаа УИХ-ын гурван гишүүний эрхийг түдгэлзүүлж, улмаар шүүхээс авлигын хэргээр Мон Макао компанийн захирал Байгаль болон дээрх 3 гишүүн зэрэг хэд хэдэн хүнд ял оноож байв. Ийнхүү тендер хүчингүй болж, уг хууль ч цуцлагджээ. Үүнээс хойш 1998, 2007, 2009, 2015 онуудад УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлан оруулж байсан ч бүгд бүдэрч байсан. Тэгвэл казино байгуулахаар хуулийн төсөл боловсруулагдаж байгаа юм.

Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энхболд ахална. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Учрал мөн багтжээ.  Тус ажлын хэсэг 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед өргөн барьсан Казино байгуулах тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж, өргөн мэдүүлэх аж.  Өмнөх хуулийн төсөлд Казино байгуулах тусгай зөвшөөрөл хүсэгч нь 35 тэрбум төгрөгийн татвар төлнө. Хугацаа нь 10 жил байна. Мөн уг казинод зөвхөн 21 нас хүрсэн гадаадын иргэн орж тоглоно. Монгол Улсын иргэн тоглохгүй зэрэг заалтуудыг хуулийн төсөлд тусгаад байсан юм.

Ер нь дэлхийн аль ч улсын туршлагад казиногийн бизнесийг өөрийн орны иргэдээсээ хол байлгадаг. Тийм учраас энэ төрлийн бизнесийг дэлхийн бусад орнууд зөвхөн гадаадын иргэд, жуулчдад зориулан бий болгодог. Манайх ч мөн энэ жишгээр хуулийн төслийг боловсруулж байгаа. Гэхдээ одоогоор УИХ-д өргөн бариагүй байна. Гэхдээ ирэх долоо хоногоос эхлэн 20 хүрэхгүй хоногийн хугацаанд хуралдах хаврын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэн батлах эсэх нь эргэлзээтэй байна.
 

П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus