Овоолсон шорооноос оффшор мэндлэв үү

17 чингэлэг спиртийг ус болгосон адал явдлаар анх олонд танигдаж, төмөр замыг овоолсон шороо болгосон түүхээр намтраа баяжуулсан Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга оффшор бүсэд компанитай нь удаа дараагийн баримтаас харагдаж байна. УИХ дахь Оффшорын эсрэг лобби бүлгээс даалгаснаар энэ сарын 23-ны дотор тэр оффшортой холбоотой мэдээллийг баримтаар няцаах ёстой. Гэвч оффшор компанитай гэх мэдэгдлийн араас өнөөг хүртэл нэр дэвшигч Х.Баттулга ус балгасан мэт чимээгүй байсаар байна. Х.Баттулга 2006 онд “CAMEX” компанийг байгуулж, уул уурхайн лицензүүдийг байршуулаад, дараа нь энэ компаниа Баттулгын Номун, “Ард" Батсүх, “Жудо”-гийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг ойр дотныхоо хүмүүсийн нэр дээр дамжуулж, оффшорт байршуулсан тухай мэдээллийг эдийн засагч Ч.Ганхуяг олон нийтэд мэдээлсэн. Оффшор бүсэд байршуулсан мөнгөн дүн нь 1.1 тэрбум ам.доллар буюу 2.5 их наяд төгрөг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нэг жилийн төсвийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө гадагшаа нүүр буруулжээ гэсэн үг. Төрийн тэргүүнд өрсөлдөж байгаа хүн гадаадад оффшор компанитай байх ёсгүй. Хөрөнгө орлогоо ч үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

Тиймээс УИХ дахь Оффшорын эсрэг лобби бүлгийн ахлагч Т.Аюурсайхан түүнийг оффшор бүсэд нуун дарагдуулсан гэх 1.1 тэрбум ам.долларын талаар хариу өгөхийг шаардсан юм. 1.1 тэрбум ам.доллар нь нэр дэвшигч Х.Баттулгын хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан нийт хөрөнгийн дөнгөж нэг хувьтай л тэнцэж байгаа аж.



Харин УИХ-ын гишүүн Д.Гантулга өчигдөр түүний бизнесийн сүлжээг баримтаар дэлгэлээ. Баримтаас үзвэл Х.Баттулгын компаниуд ямархуу хэлбэрээр анх байгуулагддаг, явцын дунд зүсээ хэрхэн өөрчилдөг өөрийн гэсэн тогтсон схем, аргачлалтай юм байна. Түүний бизнесийг төрсөн эгч Х.Цэндбаяр нь хариуцдаг. Харин үл хөдлөх хөрөнгүүдийг нь хүргэн ах П.Моломжамц нь мэддэг аж. П.Моломжамцын охин М.Золжаргалын нөхөр Т.Лхагвадорж бизнесийг нь удирдах үйл ажиллагаанд оролцдог. Х.Баттулгын бизнесийн гол түнш нь олон нийтэд ард Батсүх нэрээр  танигдсан Я.Батсүх гэнэ. Энэ бүлэглэлийн мэдэлд хайгуулын болон олборлолтын 39 лиценз, 43 компани, 49 үл хөдлөх хөрөнгө байдаг аж. Иргэд 0.07 га газраа эзэмшиж чадахгүй байхад тэдний эзэмшиж байгаа газрынх нь хэмжээ 240 мянган га. Баянхонгорт 10, Сэлэнгэ, Дундговьт тус бүр тав, Дорнод, Төв аймагт тус бүр дөрөв, Баян-Өлгий, Дорноговь, Сүхбаатар, Увс аймаг, тус бүр хоёр, Говь-Алтай, Хөвсгөл аймаг, Налайх дүүрэгт тус бүр нэг нэг лиценз эзэмшиж байна. 43 компанийнх нь дунд оффшор бүсэд бүртгэлтэй компани нь бий.

Нэр дэвшигч Х.Баттулга байгуулсан компаниа ихэнх тохиолдолд хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр компани шилжүүлдэг, лицензээ тэднийхээ нэрээр авдаг. Хамгийн их анхаарал татаж байгаа нь сайдаар ажиллаж байхдаа олон компани байгуулж төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн байна. Улмаар бизнес нь амжилттай явж байгаа компанийг нь төрсөн эгчийнх нь хүргэн Т.Лхагвадорж оффшор бүсэд бүртгүүлдэг дүр зураг ажигдагдаж байна” гэж Д.Гантулга гишүүн олон нийтэд мэдээлсэн. Хэрвээ буруу ташаа мэдээлэл гэж үзэж байгаа бол нэр дэвшигч Х.Баттулга баримтаар няцаалт хийх хэрэгтэйг онцолсон юм.

Ийнхүү Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын бизнестэй холбоотой “но-той” баримтууд олны хүртээл болсоор байна. Харин хэргийн эзэн чив чимээгүй суусаар...

Х.Тэргэл

Бусдад түгээх
  • gplus