Сонгуультай холбоотой 220 гаруй гомдол, мэдээлэл иржээ
Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцсэн байна.

Тухайлбал, сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, сонгуулийн явцыг ажиглах төрийн байгууллагыг бүртгэж, зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцлээ. Сонгуулийн Ерөнхий Хороо “Сонгогчдын төв зөвлөл” төрийн бус байгууллагад сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх зөвшөөрөл олгохыг түр хойшлуулжээ. 

Хуралдааны үеэр  Сонгогчийн шилжилттэй холбоотой асуудлаар ОӨБЕГ-ын дарга Р.Содхүү мэдээлэл хийхдээ, сонгогчийн нэрийн жагсаалтад орсон өөрчлөлтийн талаар танилцууллаа.

Түүний дараа Цагдаагийн байгууллагад иргэд сонгогчдоос ирүүлсэн өргөдөл гомдлын талаар ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр   мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш сонгуультай холбоотой 220 гаруй гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авсан тухай  танилцуулаад тэдгээрийн ихэнх нь бусдын нэр төрд халдаж гүтгэсэн, сурталчилгааны самбар, зурагт хуудсыг гэмтээсэн, хууль бус сурталчилгаа явуулсан, ухуулга сурталчилгаа явуулахад саад учруулсан зэрэгтэй холбоотой байна гэлээ.

Хуралдааны үеэр Сонгуулийн Ерөнхий Хорооны зарим  гишүүд саналаа илэрхийлэхдээ, сонгуулийн хууль тогтоомжид зааснаар захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж, шууд ирүүлсэн гомдол мэдээллийг шүүгч шийдвэрлэх зэргээр зөрчил шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааг сонгуулийн сурталчилгааны богино хугацаанд тогтоож  шийдвэрлэхэд хүндрэлтэй байна.  Тиймээс сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулахад анхаарах асуудлууд байгааг тэмдэглээд сонгуулийн байгууллагын эрх үүргийг нэмэгдүүлэх, хариуцлага тооцох эрх зүйн харилцааг нарийн зохицуулж  хуульчлах шаардлага байгаа талаар тэд онцлон ярив гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus