Багшийн хөгжлийг хуульчлах нь
Багш нар нь сурагчдадаа гологдож байна. Сурагчид илүү мэдлэгтэй, соёлтой, ёс зүйтэй нэгнийг багш аа гэж дуудахыг хүсэж байна. Харин яг энэ асуудлыг бидний тэр болгон хайхардаггүй, авч хэлэлцдэггүй, анхааралдаа авдаггүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өнгөрсөн хавар гарган тавилаа. Энэ бол нийгэмд байх ёстой зүйл шиг үргэлжилж ирсэн багшийн хөгжил. Өнөөдөр манайд боловсролын салбар хамгийн ашигтай бизнесийн нэг болоод байна. Төр хангалттай сургууль цэцэрлэгээр хангаж чадахгүй учраас хувийн сургуулиудад татаас өгдөг. Үүнээс үүдэн төрөөс татаас, хүүхдээс төлбөр авдаг сургууль, цэцэрлэгүүд борооны дараах мөөг шиг олширсоор... Дээд боловсрол олгодог сургуулиудаас хэд дахин өндөр төлбөртэй хувийн дунд сургуулиуд цэцэглэн хөгжиж байна. Тэгвэл тэдгээр төлбөр өндөртэй сургуулиудын багш нарын ур чадвар ямар байдаг вэ? Энэ талаар судалгаа алга.

Финлянд, Португал,Сингапур, Коста-Рика,  гэх мэт улсууд боловсролын системээ хамгийн их хөгжүүлж өөрчилж байна. Судалгаагаар тэдгээр улсууд боловсролын үнэ цэнэ түүнийг ойлгодог удирдлага байна, хүнд суртал бага байна.

Манайд яг энэ зүйл дутагдаж байгааг цөөхөн хүмүүс хэлдэг. Хүүхдийн сурах хэрэгцээг ойлгож чаддаг удирдлага, яам, төр хэрэгтэй байна. Үүнээс гадна багшийн хөгжлийг дэмжих бодлого хэрэгтэй байгааг ч дуулгадаг. Гэвч одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж буй багшийг хөгжүүлэх бодлого, арга хэмжээ нь багш хүн өөрөө хөгжих таатай боломжийг төдийлөн бүрдүүлээгүй байгаагийн зэрэгцээ ажил хөдөлмөрөө үнэлүүлэх зохистой системийг бүрдүүлж чадахгүй байгаа юм байна.

Иймд дээр дурдсан хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн  Багшийн хөгжлийн хуулийг боловсруулж, өнгөрсөн долоо хоногт өргөн барилаа. Хуульд боловсролын багц хуулийн үндсэн зарчим, Багшийн хөгжлийн арга хэлбэр, хөгжлийн зарим нэр томьёог оновчтой болгох, багшийн оролцоо, хувь хүний хөгжил болон боловсролын хөгжил, мэргэжлийг дээшлүүлэх зэрэг багшийн хөгжлийг дэмжихэд чухал нөлөө үзүүлэх заалтууд уг хуулийн төсөлд тусгажээ.

Эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор 2002 онд Боловсролын тухай багц хуулийг баталсан бөгөөд 2016 онд Боловсролын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Гэвч энэ хангалттай хэмжээнд биш байгаа юм.

Иймээс Монгол Улсын Их Хурлын 1995 оны 36 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Боловсролын талаарх баримтлах бодлого"-д “...боловсролын үйл ажиллагааг хэвийн жигд явуулах нөхцөл орчин бүрдүүлэх, багшийн мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлж, багшийн хөдөлмөрийг бодитоор үнэлэх”, Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-д "Багшийн мэргэжил, арга зүйн хөгжил болон цалин хөлс, урамшуулал, нийгмийн асуудлыг цогцоор нь цогцоор нь шийдвэрлэж, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлнэ" гэж, 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т “3.3.11.Багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгоно.” гэж тус тус заасан нь хуулийн төслийг боловсруулах хууль эрх зүйн үндэслэл болсон учраас Багшийн хөгжлийг дэмжих хуулийн төслийг боловсруулжээ.

Багш бол мэдлэг, ур чадвар олгож, бие хүн төлөвшүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийдэг сурган хүмүүжүүлэх, судалгаа шинжилгээний арга барил эзэмшсэн хүн юм гэх тодорхойлолтууд хэвээр байсаар байна. Багш нь бүх талын тэгш боловсролтой хүн байх ёстой гэх зэрэг тодорхойлолтууд ч цөөнгүй байдаг. Гэхдээ эдгээр тодорхойлолтууд биеллээ олж байгаа эсэх нь эргэлзээтэй юм.
 
П.ГОО
Оллоо.мн
 

 
Бусдад түгээх
  • gplus