Богд уулыг ашиглаж болно, хамгаалахаа бүү март

Хэрэв та мэдээ үздэг бол холбогдох мэргэжилтнүүдийн өнгөрсөн пүрэв гарагт хийсэн гал түймрийн талаарх мэдээллийг сонссон болов уу. Монгол Улсын Шадар сайд, Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа, ОБЕГ, ЦУОШГ хамтран “Богд ууланд асч байсан зургаан түймрийн дөрвийг нь бүрэн унтрааж, хоёрыг нь цурманд оруулсан. Бороо оролгүй удсан учраас хөрсөн доогуур шатаж байхыг ч үгүйсгэхгүй. Энэ сарын 22-нд ой хээрийн түймэрт зориулж үүл буудна” гэх мэдээлэл хийсэн.
 
Хамгийн харамсалтай нь ууланд гарсан ихэнх түймрийн шалтгаан нь иргэний буруутай үйл ажиллагаатай холбоотой гэнэ. Тухайлбал, ууланд аялахаар очсон иргэд цай чанаж уух гэж байгаа нь энэ гээд гэрийн буйрын чинээ гал алдчихсан тохиолдол ч байдаг тухай холбогдох албаныхан анхааруулаад авна билээ.
 
Уг нь Богд уул Монгол Улсын төдийгүй дэлхийн дархан цаазат газруудын нэг. 1778 онд Монголын сэхээтнүүдийн нэг сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг дархан цаазтай болгосон түүхтэй гэдэг. Гэвч улс орон хөгжихийн хэрээр хүмүүс байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахаас илүү гэр бүл, найз нөхдөөрөө аялал зугаалганд явж, зургаа авахуулан хорхог, боодог хийхийг илүүд үзэх болжээ. Түүнээс болж хог тарих, цаашлаад гал түймэр хүртэл тавьж улсын тусгай хамгаалалттай газрыг сүйтгэж байна.
 
Ялангуяа Нийслэлчүүд Богд уулын хамгийн өндөр оргил гэгдэх 2268 метрийн өндөртэй Цэцээ гүний оргил, Зайсантолгой, Их тэнгэрийн ам гэх мэтчилэн хэд хэдэн чиглэлээр алхалт хийдэг. Яах вэ, аялал зугаалганд явж, эрүүл мэнддээ анхаарал тавьж болно. Гэхдээ ядаж л хог тарихгүй, гал алдахгүй бол дээрсэн. Цаг ямагт улсын тусгай хамгаалалттай, дархан цаазтай бүс нутагт алхаж яваагаа мэдэрмээр юм даа, энэ аялагчид.
 
Түүнээс гадна өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Богд хан уул, Горхи-Тэрэлжийн ббайгалийн цогцолборт газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт иргэдийн ая тухтай амрах нөхцөлийг хангасан цогцолбор барих асуудлыг шийдвэрлэсэн удаатай. Энэ дагуу ч холбогдох сайд, дарга нар ажлаа гүйцэтгэж буй. Хамгийн сүүийн жишээ гэхэд Нийслэлийн аялал жуулчлалын газраас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар болон Богд ууланд БНСУ-ын олле стандартыг нэвтрүүлэх ажлыг 2016 оны зургадугаар сараас хэрэгжүүлжээ.
 
Уг стандартын дагуу зам дагуу шар, дэнхэр өнгийн тууз бүхий нарийхан шон хатгаж, тэмдэглэгээ тавих бөгөөд зөвхөн эхлэл, төгсгөл цэг дээр мэдээллийн самбарууд байрлуулах аж. Энгийнээр хэлэхэд иргэд тэмдэглэгээний дагуу явснаар зорилтот газраа очих юм байх. Олле стандартын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 18,19-нд болох бөгөөд эхний ээлжинд БНСУ аас 300 жуулчин ирэх гэнэ. Цаашид тус улсаас олон тооны жуулчид ирэхээр болжээ.
 
Энэ мэтчилэн Засгийн газрын бодлоготой уялдуулан Богд ууланд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй. Аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгаа нэмэгдүүлж болно. Гэхдээ төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлж, байгаль орчноо хамгаалахгүй бол дэлхийд эртнийд тооцогдох дархан цаазат газар устаж үгүй болох вий дээ. Цэцээ гүний хог дийлдэхээ больсон талаар холбогдох эх сурвалжууд анхааруулах болсон шүү дээ. Магадгүй Богд ууланд гал түймэр гарч, хог их болсон нь хамгаалалт, хяналт сул байгаатай ч холбоотой байж мэдэх юм. Тиймээс Богд уулыг хамгаалах ажлыг огт мартаж болохгүй.

Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus