ТИЙЗНИЙ ҮНЭ 20-40 ХУВЬ ХЯМДАРНА /06.13/
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл БНСУ-ын “Асиана Эйрлайнз” компанийн төлөөлөгчидтэй уулзаж, тус компанийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Жон Илнам Инчон–Улаанбаатар–Инчон чиглэлд тогтмол нислэг үйлдэх хүсэлтийг тавьжээ. Хоёр улсын агаарын харилцааны хэлэлцээрийг энэ сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо хийхээр төлөвлөсөн байна.
Мөн тус уулзалтын дараа Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, Хүннү Эйр компани болон Эйр Монголия компанийн удирдлагууд нислэгийн тийзний үнийг хэрхэн хямдруулж, хөнгөлөлт үзүүлэх боломжтой талаар мэдээлэл хийсэн. Дээрх компаниуд нислэгийн тийзний үнийг урьдчилсан байдлаар 20-40 хувиар бууруулах боломжтой гэдгийг хэлж байв.
“ГОВЬ” ХК-ИЙН ҮЙЛДВЭРТ ТОМООХОН ХЭМЖЭЭНИЙ ГАЛ ГАРЛАА /06.14/
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Говь" ХК-ны объектод өнгөрөгч лхагва гарагийн оройн 20 цаг 45 минутад гал гарсан. Гал түймрийг унтраах ажилд Нийслэлийн онцгой байдлын газрын бүх анги байгууллага, Нийслэлийн цагдаагийн газар, Хан-Уул дүүрэг цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид ажилласан. Улмаар гал сөнөөгч, аврагчид 17 цагийн турш ажиллан, зургадугаар сарын 15-ны өдрийн 15.00 цагийн орчимд галын бүрэн унтраасан билээ. Гал түймрийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй юм.
ИРЭХ ОНД ТЭТГЭВЭР НЭМНЭ /06.14/
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр 2018 оны нэгдүгээр сараас тэтгэвэр нэмэх болсон талаар өнгөрөгч лхагва гарагт мэдээлэл хийв.
Тэрбээр “Хөдөлмөр, нийгмийн улсын зөвшилцлийн улсын хэлэлцээрийн үндэсний хороо даваа гарагт хуралдаж, ажлын хэсэг байгуулсан. Тус хорооноос 2018 оны нэгдүгээр сарын 1 гэхэд тэтгэвэр нэмэх шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ингэхдээ бага тэтгэврийг өндөр хувиар, өндөр тэтгэврийг бага хэмжээгээр нэмэх зарчмаар тэтгэврийг нэмнэ” гэлээ.
Мөн тэрбээр тэтгэврийн нэмэгдэлд дунджаар 150 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоо гаргасан гэдгээ дуулгаж, Засгийн газар 2018 оноос тэтгэвэр нэмэгдүүлсэн байдлаар төсвийг УИХ-д өргөн мэдүүлэх чиг барьсан тухайгаа дуулгалаа.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГААР Д.ОДБАЯРЫГ СОНГОЛОО /06.14/
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд өнгөрөгч лхагва гарагт хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн даргын сонгууль явуулав.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу ҮХЦ-ийн даргаар сонгох хүний нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, олонхийн саналаар Д.Одбаярыг сонгожээ. Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсон Д.Одбаяр нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа юм.
АТГ НЭР ДЭВШИГЧДИЙН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ГАРГАВ /06.14/
Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж, өөрийн цахим хуудсанд байршуулжээ. Нэр дэвшигчид болон тэдний гэр бүлийн нийт орлого, эзэмшдэг компанийн жагсаалтыг хүргэж байна.
Нэр дэвшигчдийн жилийн орлого: /төгрөгөөр/
-
МАН-аас нэр дэвшигч М.Энхболд: 9.1 сая
-
АН-аас нэр дэвшигч Х.Баттулга: 130.1 сая
-
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар: 22,8 сая
Гэр бүлийн нийт орлого /төгрөгөөр/:
-
МАН-аас нэр дэвшигч М.Энхболд: 117,9 сая
-
АН-аас нэр Х.Баттулга: 31.2 сая
-
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар: 105,2сая
ЭЗЭМШДЭГ КОМПАНИ:
МАН-аас нэр дэвшигч М.ЭНХБОЛД:
Говь ХК, Зоос гоёл ХК, Авто импекс ХК, Зоос банк ХК, Женко тур бюро ХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Технологийн дээд сургууль
АН-аас нэр дэвшигч Х.БАТТУЛГА:
Мах- Импекс ХК, Женко тур бюро ХК, Талх чихэр ХК, Баянгол зочид буудал ХК, Женко тур бюро ХК, Женко тур бюро ХК, Баялгийн хувь ХК, ХИД ХК, Вебсофт ХХК, Ай номадик ХХК, Өүпэнспейнс ХХК, Баян-Игрийт ХХК, Их Монгол Чага Интернэшнл ХХК, Наранбаянбүрд Хоршоо, Эрдэнэс Таван толгой ХК, Түмэнхишигтэн ХХК, Монголын Ардчилсан Холбоо, Монголын Жүдо бөхийн Холбоо, Монголын Жүдо бөхийн ордон сан, Их Майдар сан, Ардчилал сонин, Ардчилал сан, Монголын Жүдо бөхийн Академи, Монголын малчдын холбоо, ОУ-ын Жудо бөхийн холбооны бодлого зохицуулах зөвлөл, Монголын Бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбоо
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар:
Баршим ХХК
ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨР НЭМЭГДЭХГҮЙ /06.15/
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өнгөрөгч пүрэв төрийн өмчит их, дээд сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, сургалтын төлбөрийн асуудлаар чиглэл өгөв.
Тэрбээр “Монгол Улсын 150 гаруй мянган өрхийн асуудал болох их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн асуудаар санал солилцож, хамтдаа хэлэлцэх зорилгоор та бүхнийг урилаа. БСШУСЯ-аас их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр сургалтын хэвийн нөхцөлийг хангах боломжийг урьдчилан судалсны үндсэн дээр Дээд боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх хэсгийг үндэслэн дараах зөвлөмж, чиглэлийг өгч байна. Бид энэхүү зөвлөмж, чиглэлийг та бүхэнд албажуулж хүргүүлнэ. Би салбарын сайдаар томилогдоод удаагүй байгаа ч яаралтай тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх тал дээр анхаарч, нөхцөл байдалтай танилцаж, үнэлэх ажлыг хийж байна. Салбарын сайдын шинэчлэлийн бодлогод дээд боловсролд үнийг чөлөөлөх, их, дээд сургууль, коллеж чанартаа нийцсэн төлбөрийн хэмжээг бодитоор тогтоодог, зөвхөн сургалтын төлбөрийн орлогоос хараат бус санхүү, эдийн засгийн бүрэн бие даасан байдлыг бий болгох асуудлыг судалж, тусгах болно” гэв.
ГЭР ХОРООЛЛЫН 182 МЯНГАН ӨРХ УРЬДЧИЛГАА ТӨЛӨЛГҮЙ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАНА /06.16/
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1.2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдлээ.
Тодруулбал, Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой буюу 1,2-р бүсийн нутаг дэвсгэр байрлах 182.616 өрх ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгаа төлбөрөө НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ОРОН СУУЦНЫ САН-гийн дэмжлэгээр бүрэн төлүүлэх боломж бүрдээд байгааг Хотын дарга С.Батболд зарлалаа.
Агаарын чанарыг сайжруулах 1-р бүсэд буюу Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 51 хорооны 130.706 өрх, 2-р бүсэд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 51.910 өрх тус тус хамрагддаг бөгөөд энэ бүс нутагт байрлах Баянхошуу, МҮОНРТелевиз, 100 айл орчмын агаар дахь хүхрийн давхар исэл /SO2/ нарийн ширхэгт тоосонцор /PM2.5/-ын агууламжийн хэмжээ агаарын чанарын стандартаас 10-30 давсан тохиолдол удаа дараа бүртгэгдэж байсан Улаанбаатар хотын агаарын бохирдлын голомт юм.
Г.АРИУНБААТАР ФИНАЛД ШАЛГАРЛАА /06.17/
BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний “The Song Prize” төрөлд МУГЖ Г. Ариунбаатар түрүүлэв. Тэрбээр, Шуберт, Чайковский, Форе болон хөгжмийн зохиолч Шаравын уран бүтээлүүдийн дээжээс хүргэсэн байна.
Г.Ариунбаатар өнөөдөр болох тэмцээний финалын шатанд түрүүлбэл, тус тэмцээний гол хоёр шагналыг нэг дор хүртсэн Жейми Бартон, Мариус Бренсиу нарын эгнээнд элсэх боломжтой.
Товчхон:
- УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн Монголбанкинд хийсэн шалгалтын дүгнэлттэй холбогдуулан илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах, хариуцлага тооцох, хохирлыг барагдуулах чиглэлийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдлаа.
- Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрөгч пүрэв гарагт хуралдаж, Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 12 хувь болгох шийдвэр гаргав.
- Нийслэлд оршин сууж байгаа 40-65 насны 330000 орчим иргэдийг Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил энэ сарын 15-аас эхэллээ. Иргэнд шинжилгээнд хамрагдахын тулд 40-65 насны иргэн та 2017 оны тавдугаар сарын 15-аас өмнө эрүүл мэндийн даатгалын 2016, 2017 оны шимтгэлийг бүрэн төлсөн байх шаардлагатай.
- Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай хэлэлцлээ. Цахим хэлбэрээр бүртгэл хийснээр цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гэж урт дараалал үүсдэг, цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарладаг гэх мэт хүндрэл үгүй болох юм. Зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн дэмжээд НИТХ-д өргөн барихаар болов.
- 2017-2018 оны хичэээлийн жилийн их, дээд сургуулиудад элсэн суралцах оюутнуудын Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 14-18-ны өдрүүдэд болж байна. Энэ жил ЭЕШ өгөхөөр 40388 шалгуулагч бүртгүүлснээс 87 хувь нь 2017 онд ЕБС төгсөж байгаа шалгуулагчид, 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байгаа аж. Шалгалтыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 байранд авах юм.
- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон юм. Иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ хөрөнгийг бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар шийдвэрлэлээ.
- УИХ-ын хаврын чуулганыг түр завсарлуулах захирамж гарлаа. Ингэснээр ээлжит чуулган зургаадугаар сарын 14-өөс 28-ны өдрийг дуустал хугацаанд завсарлав. Энэ хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэмжин ажиллана.