ЭЕШ өнөөдөр өндөрлөнө
Орон даяар явагдаж буй Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр өндөрлөнө. Хуваарийн дагуу өнөөдөр Физик, Нийгмийн тухай мэдлэг, Орос хэлний хичээлийн шалгалтуудыг зохион байгуулах юм.

Энэ жилийн ЭЕШ-д нийт 40388 шалгуулагч бүртгүүлсэн. Үүнээс 87 хувь нь 2017 онд Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа шалгуулагчид, үлдсэн 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байгаа аж.

ЭЕШ-ыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 шалгалтын байранд зохион байгуулж байгаа юм. Шалгалтыг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулах үүднээс дээрх шалгалтын анги танхимуудад хяналтын камер, сүлжээ сарниулагч, гар утас болон металл илрүүлэгч, сонсгох төхөөрөмж зэргийг суурилуулжээ. Шалгалтад орохдоо авч орохыг хориглосон зүйлийг анхаарч бэлтгэл байдлаа сайтар хангахыг сануулсаар байгаа бөгөөд зөрчил гаргасан тохиолдолд санамжийн дагуу арга хэмжээ авахыг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн.

Элсэлтийн ерөнхий шалгалтын зөв хариултыг ЭЕШ дууссанаас хойш долоо хоногийн дараа нийтлэх юм байна. Шалгалтын дүн оноог 2017 оны долдугаар сарын 1-ний 9:00 цагаас эхлэн www.eec.mn веб сайтаас үзэх боломжтой аж.

Шалгуулагчдын батламж хуудсыг долдугаар сарын 03-аас эхлэн тараана. Хөдөө орон нутгийн шалгуулагчид аймаг, дүүргийнхээ Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс батламж хуудсаа авах юм байна. Харин нийслэлд ЭЕШ өгсөн энэ оны төгсөгчид сургуулийнхаа захиргаанаасаа батламж хуудсаа авах бол өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авна. Уг батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байх юм. 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus