Хан-Уул дүүрэгт “Түр хамгаалах байр” нээлтээ хийлээ

Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл төдийлөн буурахгүй, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах тусгайлсан байр хангамж, хүрэлцээ муу хэвээр байгаа билээ.

Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл” зорилтын хүрээнд өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс “Түр хамгаалах байр”-ыг Нийслэлийн хэмжээнд анхлан бий болгож үйл ажиллагаагаа эхлүүллээ.

“Түр хамгаалах байр”-ыг нээснээр Хан-Уул дүүргийн хэмжээнд хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдийг хүлээн авч тэдэнд тулгамдсан асуудлыг шийдэж өгөхөөс гадна бүрэн цогц үйлчилгээ үзүүлж байгаагаараа давуу талтай.

Үүнд:

  • Эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ
  • Сэтгэл зүйн үйлчилгээ
  • Нийгмийн халамжийн үйлчилгээ
  • Хүүхэд хамгааллын үйлчилгээ
  • Эрх зүйн туслалцаа зэрэг цогц үйлчилгээ багтсан.

Хүчирхийлэлд өртсөн иргэн нь сэтгэлзүйн талаасаа цочиролд орсон байдаг тул тэдэнд зориулж мэргэжлийн сэтгэлзүйч анхан шатны зөвөлгөө өгч, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж цаашлаад бүхий л арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлнэ.

Хамгийн гол нь “Түр хамгаалах байр” бий болсноор хүчирхийлэлд өртсөн иргэдийг түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж ямарваа нэг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж байгаа юм.

Мөн тус байр нь 24 цагаар үйлчилгээ үзүүлэх бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хэн бүхэнд нээлттэй ажиллана.


 

Бусдад түгээх
  • gplus