Юуны учир Г.Доржзодовыг гол дүрд тоглуулах болов

Өчигдөр (2017.06.15) өглөө сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн нийгмийн сүлжээн дэх өөрийн хаягаар эхлүүлсэн live олон нийтийн дунд хэлэлцүүлэг болон өрнөж байна. Үйл явдлын гол дүрд өнгөрсөн хавраас хойш яригдаж буй 60 тэрбумын асуудлыг дэлгэсэн Г.Доржзодов хэмээх залуу тоглов.

Л.Мөнхбаясгалангийн хэлснээр тэр ажилдаа явж байгаад олуулаа хамгаалалтад гарсан цагдаагийнхантай тааралдсан бөгөөд тэнд чухам юу болоод байгааг үзэхээр очиход “Цагдаагийн байгууллага Г.Доржзодовыг баривчлах гэж байж”. Түүний live ингэж эхэлж байгаа. Тэгээд Г.Доржзодов нь цонхоороо тусламж гуйж байгааг Л.Мөнхбаясгалан олж таниад тусламж хүргэхээр live хийсэн юм байх.

Монголын Жулиан Ассанж болсон Г.Доржзодовыг баривчлах гэж байна, шударга хүмүүсээ ирж, цагдаагаас хамгаалж туслаарай гэсэн сүржин мэдээллийн дагуу хүмүүс цугларсан бөгөөд тэдний дунд захиалгаар жагсаал цуглаан хийж гаршсан Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан хүртэл давхиж явах юм.

Үд дунд цагдаагийн байгууллага 60 тэрбумын асуудлаар нэрд гарсан Г.Доржзодовыг хамгаалалтад авснаа мэдэгдсэн бол тэр Л.Мөнхбаясгалангийн яриад байсан шиг өөрийн гэртээ биш УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийнд орогнож байсан аж. Тэр Ц.Оюунгэрэлийнд дөрөв хоносон бөгөөд үүнээс өмнө Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн, өглөөхөн Л.Мөнхбаясгалангийн дуудлагаар хэргийн газарт гүйж очсон Г.Баасангийнд мөн хоёр хоноод авчээ.

Гайхалтай нь live дуудлагын дагуу УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийнд очсон хэвлэлүүдийн тэргүүн магнайд С1 телевиз гүйж очоод онгорхой цонхны цаанаас ярилцлага өгч байгаа Г.Доржзодовын аманд микээ бараг шургуулах шахам зогсож байгаа нь олон нийтийн сүлжээгээр ил тод тарлаа.

Харин үд дунд МАН хэвлэлийн хурал зарлан иргэн Г.Доржзодов гэх залууг тойрсон мэдээлэл хэрээс хэтэрч байна. Хэрвээ энэ хүний амь насанд аюул учирвал МАН амийг нь хөнөөсөн гэсэн мэдээлэл тархах учраас бид цагдаагийн байгууллагаас хамгаалалтад авахыг хүссэн хэмээн мэдэгдэж, Л.Мөнхбаясгалангийн Монголын Жулиан Ассанж хэмээн өргөмжилсөн хүнийг хуулийнхан яагаад сонирхсон бэ гэдэг асуултад хариу өглөө.  Г.Доржзодовын хацар шалбарахад л МАН буруутан нь болох учраас арга буюу хамгаалалтанд авах хүсэлт гаргасан гэж болно. Монголд өөрийгөө шархтуулчихаад өрөвдүүлдэг арга туршлага бий.

Үйл явдлын өрнөл Т.Доржзодовыг тойрсон дуулиан шуугиан зүгээр ч нэг өрнөөд байгаагүйг харуулж байгаа нь сонин. 60 тэрбумын эвлүүлгийн дуулианыг эхлүүлсэн хүнийг цагдаагийнхан хамгаалалтад авсныг мянган сэтгүүлч дундаас Л.Мөнхбаясгалан яагаад ганцаараа мэдсэн бэ. Харин Г.Доржзодов яагаад өөрийн гэрт биш Ц.Оюунгэрэлийн гэрт орогнож байсан бэ. Үүнийг нь Л.Мөнхбаясгалан яагаад Г.Доржзодовын гэр хэмээн тайлбарласан бэ. Ц.Оюунгэрэл яагаад хамгийн түрүүнд Г.Доржзодовыг аварцгаая гэсэн уриалгыг олон нийтийн сүлжээнд тараасан бэ. Яагаад Л.Мөнхбаясгалангийн туслаарай хэмээн шоу мэдээллийн дагуу Г.Баасан хамгийн түрүү гүйж хүрэв. Бас яагаад Женко Х.Баттулгын хувийн С1 телевиз бүгдээс түрүүлэн тэнд очив?

Асуултууд өөрөө Г.Доржзодовыг тойрон өрнөсөн дуулиан хэн нэгний дэглэлттэй, удирдлагатай зохиомол шоу болохыг харуулах аж. Г.Баасан, Ц.Оюунгэрэл, Л.Мөнхбаясгалан нарыг чамгүй шоучин, ямар ч сэдвээр дуулиан дэгдээж, өөрсдөө гол дүрд нь тоглож явдгийг нийгэм мэднэ.

Ингэхэд бүлэг хүмүүс яагаад Л.Доржзодовыг гол дүрд тоглуулж, золиосонд гаргах болов. Сонгууль болохоор өндөлздөг энэ дуулианы эзэн нь өнөөдөр сая долларын тухай яриад байгаа. Тэр өөрийн хэлсэн мөнгөний тоогоор бусдад зарагдсан юм биш байгаа.

Юутай ч Г.Доржзодов болон иргэн Ө нарын холбогдсон эвлүүлгийн хэргийг цагдаа, тагнуулын байгууллага шалгаж байгаа аж. Г.Доржзодовын өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө ашиг олох зорилгоор, шунахайн сэдлээр хийгдсэн бохир эвлүүлгийнхээ төлөөсөнд 20 сая төгрөг хүлээн авсан бол энэ удаа Ардчилсан намд худалдагдсан байж болохыг цуутай тэмцэгчид, цуутай шоучдын хэлхэлдэн өрнүүлсэн өчигдрийн дуулиан гэрчлээд байгаа бус уу. Эвлүүлэгтэй Монгол хямралд ялагдана. Эвтэй Монгол хямралыг ялна.

Өглөөний сонин
Х.Тэргэл

Бусдад түгээх
  • gplus