Өмнөговь аймаг өнгөрсөн дөрөвдүгээр сард Хөдөө Аж Ахуйн Их Сургуультай хамтран ажиллах Санамж бичиг байгуулжээ. Уг санамж бичигт гадаад харилцаанд тулгуурласан газар тариаланг хөгжүүлэх чиглэлийн олон ажил тусгасан байна. Тодруулбал, Өмнөговь аймаг БНСУ-ын Кёнсанбуг аймаг, Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль хоорондын гурвалсан хамтын ажиллагаанд үндэслэж Өмнөговьчуудын хүнсний ногооны 50-иас доошгүй хувийг орон нутагтаа тариалах бодлогыг баримталж газар тариалангийн ажлуудыг эхлүүлжээ.
Даланзадгад сумын төвөөс баруун хойш байрлалтай Солонгос Монголын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн талбайд 300мкв хэмжээтэй таван хүлэмж барьж, гүзээлзгэнэ болон нарийн ногооны тариалалт хийж байна.
Говийн хөрсөнд хамгийн хурдан ургах боломжтой гүзээлзгэний хоёр сортыг тариалсан бөгөөд байгаль цаг уурын хэт халуунд ус чийгээ алдахгүй байх бүхий л арга хэмжээг авч ажиллаж буйгаа ХААИС-ийн багш, тус төслийг хэрэгжүүлэгч Т.Насанжаргал онцоллоо.