Баярлалаа, бас дахин баярлалаа шонхорууд аа

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ өдрүүдэд нийгмийн сүлжээ тэр чигээрээ хар бараан мэдээлэл дунд хөвж байна. Эрх баригчдын дарангуйлал, эсрэг намын турхиралт хоёр нэгдэж нийлэхээрээ энэ улсад болж бүтэж байгаа зүйл нэг ч алга даа хэмээн харамсмаар, халагламаар санагдах аж. Бидний өнөөх хүсээд байсан ардчилал энэ биш байлтай. Хэн дуртайгаа барьж хорьдог, шалгадаг.

Эсвэл хэн нэгний захиалгаар нийгмийг буруу зүйлд уриалж хэрхэвч болохгүй. Харамсалтай нь эрх мэдлийн төлөөх тулаанд илүүрхэх гэсэн гурван намын үйлдэл арай л хэрээс хэтэрлээ. Улстөржсөн мэдэгдэл, их хэлмэгдүүлэлтийг эргэн сануулсан бусармаг дарангуйлал үнэндээ ард түмнийг туйлдуулж байгаа нь худлаа биш. Гэвч энэ удаад муу муухайг хойш тавих нь зөв биз ээ.

Харин өчигдөр ч, өнөөдөр ч бидний аюулгүй байдлын төлөө, эд хөрөнгө, амь насны минь төлөө эцэж цуцахаа мэдэхгүй зогсч байдаг тэр эгэл бурхдыг магтахыг, тэднээр бахархахыг хүслээ. Тэдний алдар сууг өнөөдөр бахархан бичмээр байна. Хэн нэгний төрийн толгойд очих гэсэн хийрхлээс илүүтэй эх орон минь шатаж байгаад бид анхаарлаа хандуулах учиртайсан. Иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаална аа хэмээн тангараг өргөсөн аавын хөвгүүдийн хийж буй гавьяа сонгуулийн бараан сүүдэрт дарагдах учиргүй юм.

Өчигдөрхөн Монголын үндэсний үйлдвэрлэгч, томоохон аж ахуйн нэгж болох “Говь” үйлдвэрийн дээвэрт гал гарлаа. Бүтэн 10 цагийн турш үргэлжилсэн энэ том галыг унтраахаар Онцгой байдлын болон цагдаагийн зарим албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эрдэнэт хүний амь нас, их хэмжээний хохирол учрахаас авран хамгаалж чадлаа. Бүтэн шөнийн нойроо хугаслан тэд ажиллажээ.

Монголчууд бид зовлон ойртож ирэхэд нэгдэж чаддаг энэрэнгүй ард түмэн гэдгээ харуулж, эрвийх дэрвийхээрээ л тэдэнд ус зөөж, өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ зөөж өглөөтөй золгов. АПУ, Витафит, Жүр үр, Монфрэш гэх мэт аж ахуйн нэгжүүд сүү, ус, боов боорцогоо барин тэдэнд туслахаар гүйлдэх аж. Төмөр замын хамт олон вагоноор хүртэл ус зөөж тэдэнд туслах жишээтэй. Энэ мэтээр бид нэг ч хүний амь алдахгүйгээр тэр том галыг дарж чадлаа.

 Гүн шөнөөр улайран асч буй тэр их галыг харж зогссон хүн бүхэн, түүнийг унтраахаар тэмцэж байсан зоригт эрсээрээ бахархаж байлаа. Нөгөөтэйгүүр, бороо ороосой хэмээн бүгд л залбирч байсан биз. Даанч дэлхий ээж маань дэлэгнэсэнгүй. Нар манддагаараа л мандаж, өнөөдөр тэднийг юу хүлээж буйг мэдэхгүй л ажилдаа явцгаав. Шөнийн турш цурамхийлгүй гал унтраасан эрчүүд маань нэгхэн машины сүүдэрт бөөнөөрөө суучихаад амарч суугаа зураг өнөөдөр цахим ертөнцөд жинхэнэ ёсоор шуугиан тарив. Тэд ийм л энгийн. Яг одоо ажлын маань урдуур дарааллаад гурван ч галын машин өнгөрлөө. Тэд амраагүй юмсанж. Харин дараагийнхаа даалгаврыг авчээ. Дахиад л нэгэн гэр бүлийг, эсвэл нэг байгууллагын эд хөрөнгийг хамгаалж, эрдэнэт хүний амь аврахаар хурдалж яваа нь тэр. Зам тавиад өгөөрэй, хүмүүс минь. Ханиа хүлээж нойргүй хоносон гэргий, хүүгээ үнсээд үдсэн ижий, аав, үнсүүлээд үлдсэн алаг үрдээ ч очих завгүй тэд ажилдаа гарч байгаа юмсанж.

Шадар сайдын мэдээлснээр нийслэл цаашлаад орон нутгийн хэмжээнд нийт 95 удаагийн түймэр гарчээ. Зарим нь одоо ч унтраагүй байна. Өнгөрөгч долоо хоногт Эмээлтэд мөн л ноолуурын үйлдвэр шатсан. Өдгөө Богд ууланд хүний буруутай үйлдлээс болж гал гарсан хэвээр байна. Аймаг, сумдад ч гал гарсан хэвээр байгаа. Энэ бүхэнд өнөөх л онцгойгийн албан хаагчид өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Оромжид хувцастайгаа хоног төрүүлж, олны дэмээр унд хоолтой залгаж төрийн өмнө өргөсөн тангарагаа биелүүлэхээр ажиллаж байх юм. Мэдээж төр тэднийг орхичихож гэж хийрхэж болохгүй билээ. Гагцхүү эхнэртэйгээ, энхрий үртэйгээ хамт бүтэн нойртой хонох боломжийг нь та бид өгөх учиртай бус уу. Гал түймрийн дийлэнх нь хүний санаатай болон санамсаргүй үйлдлээс гарч байгаа тоон мэдээ байна. Таны санамсаргүй зурсан ширхэг шүдэнз, татаад унтраахгүй хаясан тамхины иш монголын минь газар нутгийг нүүрс болгож, эрэлхэг залуусыг минь эцээж байгааг ойлгож, хаа хаанаа хариуцлагатай болъё, монголчууд аа.

Одоогоос 10 жилийн өмнө монгол түмэн 15 эрэлхэг хүүгээ алдаж эмгэнэн уйлж байлаа. Сэлэнгэ аймагт гарсан гал түймрийг унтраахаар явсан онцгой байдлын аврагчид нисдэг тэрэгтэйгээ осолдож амиа алдсан мэдээг яг энэ өдөр дуулгаж байжээ. Энэ л өдөр тэд эх орныхоо алтан хэвлийд эргэж хэзээ ч ирэхгүйгээр өлгийдүүлсэн юм. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр хэвлэлийн хурал зарлаж, амиа алдсан 15 эрэлхэг хөвгүүдийн нэрийг зарлаж байхад түүний сонсч зогссон хүн бүхэн мэгшин уйлж байсан гэдэг. Тэд эх орныхоо төлөө амиа өргөсөөн. Өнөөдөр ч тэд эх орныхоо төлөө өөрийгөө л үл хайрхан ажиллаж явна. Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг гэгчээр миний, чиний, таны төлөө тэд нойргүй ажиллачихаад, одоо ч ажлаа хийсээр явах юм. Энэ цагийн эгэл бурхаддаа баярлалаа. Бид та бүхэнд төлж барамгүй өртэй хүмүүс. Баярлалаа, бас дахин баярлалаа.


Монголын мэдээ
Б.Өнөртогтох

Бусдад түгээх
  • gplus