Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зам засварын ажлыг яаралтай дуусгана

Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хилийн боомтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан.

Тэгвэл тус зөвлөлийн анхны хуралдаан Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Эрдэнэс Таван толгой ХК-ийн байранд энэ сарын 10-ны өдөр боллоо. Хуралдаанаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуун сухайтын хилийн боомтыг өргөтгөх, боомтын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, Хилийн хяналтын байгууллагын ажлын уялдаа холбоог хангах, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах замаар боомтоор нэвтрэх экспортын уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх зэрэг шийдэлд хүрчээ. Мөн Нүүрсний уурхайгаас Гашуунсухайтын хилийн боомт хүртэл одоо ашиглаж байгаа зам хэт ачаалалтай байгаа учраас засварын ажлыг яаралтай дуусгах, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахаар болсон байна. Түүнчлэн хилийн боомтод мөрдөх нийтлэг журмыг хэлэлцэн баталжээ.

Хуралд Хилийн боомтын үндэсний зөвлөлийн гишүүд, “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХК, “Энержи Ресурс” ХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК, “Хөгжлийн хөтөч” төслийн нэгж болон бусад тээврийн компаниуд, орон нутгийн удирдлагууд оролцсон байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus