Хуульчдийн хүсэл мөрөөдлийн дээд оргил нь Цэцийн гишүүн болох байдаг гэх. Тэгвэл тэр ноён оргилын дарга бол гайхамшиг биз. Хуульч бүрийн хүсдэг Цэцийн гишүүд даргаа сонголоо. Энэ удаад тэд Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу ҮХЦ-ийн даргаар сонгох хүний нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, олонхийн саналаар Д.Одбаярыг сонгосон.
Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсон Д.Одбаяр нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа юм. Цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа дууссанаар түүнийг оронд нь оруулж ирж, УИХ дэмжсэн.
Шинэхэн дарга Д.Одбаяр нь 50 настай, 1987 онд Москва хотын Залуучуудын дээд сургууль, 1997 онд Энэтхэгийн эрх зүйн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.
Тэрбээр:
1987-1989 онд Дорнод аймгийн Пионерийн зөвлөл, ХЗЭ-ийн хороонд зааварлагч, зохион байгуулагч,
1990-1991 онд МХЗЭ-ийн Гүйцэтгэх хороонд Тэргүүлэгч гишүүн,
1991-1992 онд Монголын залуучуудын холбоонд Хяналтын зөвлөлийн дарга,
1997-1998 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Олон улсын эрх зүйн тасгийн ахлагч,
1998-2000 онд Хууль зүйн яаманд Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
2000-2004 онд Дорнод аймгийн Засаг даргаар тус тус ажиллажээ.
Улмаар 2004-2008, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2004-2006, 2010-2012 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажилласан байна.
Харин 2013 оноос “Альтернатив энерги” ХХК-д зөвлөхөөр ажиллаж байжээ.
П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн