“Говь” ХК-ийн үйлдвэрт гарсан галыг 05.00 цагт бүрэн унтраажээ

"Хан-Уул дүүргийн III хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн дээвэр шатаж байна" гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр/06.14/ 20.46 минутад иржээ.

Галын дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагаас шуурхай арга хэмжээ авч Нийслэлийн Онцгой байдлын газрын бүх Гал түймэр унтраах, аврах анги болох 13 ангийн ээлжийн 140 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашиныг дайчлан ажиллаж галыг унтраасан байна. Мөн Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын ус түгээх цистерн автомашинуудыг мөн дайчлан ажиллажээ.

Гал их хэмжээнд тархан гарсан бөгөөд гал сөнөөгчид галын тархалтыг зогсоож, голомтод задаргаа хийж 05.00 цагийн орчимд галыг бүрэн унтраасан байна.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү нар ахлан ажиллажээ.

Одоогоор галын шалтгааныг тогтоохоор албаныхан ажиллаж байна.


П.Гоо
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus