В, С вирүсийн илрүүлэг шинжилгээ маргааш эхэлнэ
Засгийн газрын тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсан. Тус хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарч даатгуулагчийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журам батлагдан гарсан. Энэхүү шийдвэрийг үндэслэн нийслэлийн Эрүүл  мэндийн газраас Улаанбаатар хотод илрүүлэг шинжилгээг хийх эмч, мэргэжилтнийг бэлтгэж сургах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, шинжилгээний материалын бэлэн байдлыг хангах, өрхийн эрүүл мэндийн төв дээр хороо, хэсгээр нь эмх, замбараатай, хүлээгдэл чирэгдэлгүй шинжилгээнд хамруулах хуваарийг боловсруулах зэрэг олон төрлийн бэлтгэл ажлыг зохион байгууллаа.

Нийслэлд оршин сууж байгаа 40-65 насны иргэдийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил  энэ сарын 15-ны өдөр буюу маргааш нийслэлийн 9 дүүрэгт  нэгэн зэрэг эхэлж 2017 оны есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл явагдана. Иймд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах хүсэлтэй 40-65 насны иргэн та эрүүл мэндийн даатгалын 2016, 2017 оны шимтгэлийг бүрэн төлсөн байх шаардлагатайг анхаарна уу гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus