Гэр хорооллын “гээгдсэн” хүүхдүүд

Дундаа нэг унадаг дугуйтай гурван бор хүү гудамжны үзүүрээс инээлдсээр “Одоо би, үгүй би, жаахан удаан яваач ээ” гэсээр гарч ирэв. Духанд нь бурзайсан хөлс, улаа бутрах хацрыг харвал энэ хүрэх гэж багагүй замыг туулсан нь илт. Тэднээс хэрэг зоригийг асуувал биднээс 300 орчим метрийн зайд байрлах машин замтай зэрэгцээх явган хүний зам дээр дугуйгаа унахаар явж байгаа нь энэ аж.

Зорилтот газраа хүрэх замдаа нэг дугуйгаа ээлжлэн унаж, хөөрөлдсөн найзуул ам булаалдан “Манай хороонд дугуй унах газар байхгүй. Бас тоглоомын талбай ч байдаггүй. Гудамжинд дугуй унахад их хэцүү, энэ тэндээс гэнэт машин гараад ирдэг. Бид хэд төв замын хажуу талын явган хүний зам дээр очиж дугуй унана.

Тэнд арай шулуун замтай” хэмээн бидний хэлж заншсанаар Дамбадаржаагийн буудал руу  гараараа заалаа. Тэд та хойшоо яваад бараг хэрэггүй дээ, тоглоомын талбай байхгүй гэсээр ганц дугуйгаа булаацалдсаар цааш явж одов. Энэ бол Сүхбаатар дүүргийн 22 дугаар хороо, бидний мэддэгээр Сэлх, Бэлх, Дамбадаржаа. Улаанбаатар хотыг зах хязгааргүйгээр үргэлжлүүлэх гэр хорооллын аль ч гудамжинд энэхүү дүр төрх бидний анхаарлаа хандуулахаас өөр аргагүй асуудал болон үргэлжилсээр л байна.

Улаанбаатар хотын 70 гаруй хувийг гэр хороолол бүрдүүлдэг хэдий ч Засгийн газар, яам, Тамгын газар,  Нийслэлийн бодлого чиглэл хотын А зэрэглэлд төвлөрч буй. Гэр хорооллыг хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах тухай асуудал “гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах” гэдэг үгэнд дарагдан, олон жил улстөржсөөр хэзээ ч биелдэггүй хүсэл шиг болсоор байна. Харин энэ хооронд тэнд амьдрал үргэлжилж, Монгол Улсын хойч ирээдүй болсон бяцхан багачууд төрсөөр л. Гэр хорооллын хүүхдүүдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрх цаг үргэлж зөрчигдөж байна.

Тэд өвөл нь дэлхийн дунджаас хэд дахин өндөр хортой агаараар амьсгалж, зун нь тоглох тоглоомын талбайгүйгээс болж зам тээврийн осол болон өөр төрлийн ослын хохирогчид болсоор байгаа юм. Тиймээс “Монголын мэдээ” сонин цуврал сурвалжлагынхаа хүрээнд уг асуудлыг хөндөн сурвалжиллаа.



ХҮҮХДҮҮД ХАШААНДАА “ХОРИГДОЖ” БАЙНА

 

Хэрвээ сайхан тоглоомын талбайтай байсан бол очиж тоглоно гэх үгийг уулзсан хүүхэд бүхэн минь хэлж байлаа. Энэ өдөр гадаа тэнгэр цэлмэг сайхан байгаа ч гэр хорооллын гудамжнууд л эзгүй мэт. Хааяахан хүүхдийн инээх дуу хадсан хашааны хаалгаар шагайвал хоёр, гурваараа нийлсэн хүүхдүүд унадаг дугуй, жижиг машин эсвэл бөмбөгөөр тоглох аж. Хаалга нь дэлгээтэй нэгэн хашаагаар шагайж том хүн байгааг сураглавал 50 гаруй насны эмэгтэй гарч ирэв. Түүнээс ойр хавьд тоглоомын талбай байгаа  эсэхийг лавлавал “Энд тоглоомын талбай байхгүй. Тиймээс хүүхдүүдээ нэг их гаргадаггүй. Хашаандаа л тоглуулдаг.

Гарахаараа машин тэрэгний доогуур ороод эсвэл хөл гараа хугалчих гээд байдаг юм. Түүний оронд хашаандаа байсан нь дээр. Ер нь зөвхөн манай хороо гэлтгүй гэр хороолол тэр чигтээ хүүхдүүд тоглочих тоглоомын талбайгүй л байдаг шүү дээ. Эд нар чинь заримдаа гарч тоглоё гэж урвайна. Тэр  болгонд гаргах хэцүү. Төрд сууж байгаа хүмүүс ядаж нэг хороонд ганцхан тоглоомын талбай бариад өгчихвөл олон хүүхэд баярлана даа” гэв. Түүний хэлснээр хүүхдүүдээ гаргадаггүй бас нэг шалтгаан нь гудамжны тоос шороо гэнэ.

Хүүхдүүд гудамжинд тоглохоор шороо босч, уушгинд нь сөргөөр нөлөөлдөг ажээ. Мөн сүүлийн үед залуу жолооч нар ихэссэн бөгөөд гэр хорооллын гудамжаар хурд хэтрүүлэн давхих болжээ. Хурдтай явсан жолооч хүүхдийг харахгүй мөргөх тохиолдол ч гарсан байна. Бид ийнхүү ярилцсаар цааш явлаа. Энхэл донхол шороон замаар тоос татуулан цааш алхсаар уулын ирмэгт уначих нь холгүй байрлах айлын гадаа долоон настай охин унадаг дугуй унаж яваа харагдлаа. Охин хэсэгхэн газар дугуйгаа унана.

Түүнийг жаахан ажиглаж зогсвол буцаад дээш дугуйгаа түрэн гарч, харин уруудахдаа дугуйгаа унаж байв. Саравчтай малгай, цэнхэр юбка, цагаан даавуун цамцаар гангарсан охинтой хэсэгхэн ярилцав. Тэрбээр гэртээ ганцаараа байдаг гэнэ. Энэ тухайгаа “Надад дүү байхгүй. Би ээж, аав, эмээ, өвөөтэйгөө амьдардаг.

Ганцаараа болохоор төв зам руу явж чаддаггүй. Хааяа аав, ээж хоёр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү дагуулж явдаг. Тэнд дугуй унахаар гоё байдаг” хэмээн хуучилсан. Энэ мэтчилэн тоглох газаргүйгээс болж гудамжнаас гудамж хэсэн дугуй унах охид, хөвгүүд их тааралдсан. Манай сурвалжлах хэсэг ийн явсаар нэгэн сагсны шийдтэй таарсан ч хүүхдүүд байсангүй.

Магадгүй гадаа халуун учраас хүүхдүүд ирээгүй байж мэдэх юм. Хэзээ мөдгүй унах нь уу гэмээр жижигхэн самбар тэнхээ мэдэн хөөцөлдөх хүүхдүүдийг хүлээн буй ч юм шиг. Гэр хорооллын хүүхдүүдэд үнэндээ нийтийн тоглох газар, тоглоом ч байсангүй. Зарим нэг газар дээр өгүүлсэнчлэн шийд таарна. Сагсны шийд гээд хэлчихэд ч хэцүүхэн тэр шийд ёстой л тоглох газаргүй, тоглоомгүй хүүхдүүдэд л шийд байх даа хэмээх бодол толгойд орж ирснийг нуух юун.
 

ТОГЛОЖ БАЙГААД БУЛШНЫ ДЭРГЭД УНТЧИХДАГ БАЙСАН ГЭВ


Манай сурвалжлах хэсгийн очсон дараагийн газар бол Баянзүрх дүүргийн XX хороо буюу Алтан-Өлгийн хэсэг байлаа. Саар зүйлийн дотор ганц нэг сайн зүйл байлгүй л яахав. Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүдийг нутаглуулдаг байсан Алтан- Өлгий дэх оршуулгын газрын урдхан талд сайхан тоглоомын талбай сүндэрлэн харагдав. Том биш ч гэсэн сагсны талбай, гулсуур, дасгал хөдөлгөөний техник, савлуур, сүүдрэвч, хогийн сав, сандал байрлуулжээ.

Гадаа халуун байгаа ч дотор нь хүүхдүүд шуугилдан тоглож байна билээ. Гэвч энэ талбай хэсэгхэн газрын хүүхдүүд л хүрэлцээтэй. Гэр хороололд амьдарч байгаа олон мянган хүүхэд ядаж үүн шиг тоглоомын талбайтай болохыг хүсч, дотроо сэмхэн л горьдож суугаа. Бид оршуулгын газрын хашааг бараадан хойш алхлаа. Оршуулгын газрыг хүрээлүүлэн хашаа хатгажээ. Энэ үеэр тус хорооны оршин суугч Д.Цэцэгмаатай таарав. Тэрбээр “Манай энд тоглоомын талбай байгуулагдаж, хүүхдүүд тоглох тоглоомтой болсон.

Түүнээс өмнө нь энэ оршуулгын газар руу гүйгээд салдаггүй байлаа. Хэсэг хэсгээрээ нийлээд оршуулгын газар руу ороод тоглочихно. Заримдаа бүр хүүхдүүд халуун наранд тоглож байгаад тэндээ унтчихдаг тохиолдол гарч байсан. Энэ оршуулгын газар чинь хойгуураа онгорхой байдаг юм. Манай энэ хавийн хүүхдүүд ч яахав тоглоомын талбайтай болчихлоо. Бусад газруудад тоглоомын газар байхгүй хэцүү шүү. Ер нь гэр хорооллын хүүхдүүд их аюултай орчинд амьдардгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх биз” хэмээв. Ийн ярилцаж зогстол хажуугаар дайрчих шахам жижиг тэрэг хурдлан өнгөрлөө.

Хурдтай явсан болоод ч тэрүү эргэн тойронд хэсэг шороо бужигнаж, ам руу орж байгаа нь мэдрэгдэнэ. Уул дамнасан гэр хорооллын гудамжнууд дуусахгүй мэт үргэлжилнэ. Гудамжаар явсаар жижигхэн хашаанд зэрэгцэн дөрвөн айл суурьшсан байхыг харлаа. Хашааных нь гадаа 6-7 насны хүүхдүүд жирта тоглож байх юм. Тэднээс тоглоомын талбай руу яагаад явахгүй байгааг асуувал “Хэтэрхий хол учраас ээж явуулахгүй. Гэртээ тоглож бай гэсэн. Тоглоомын талбай ойрхон бол гоё. Бидэнд унадаг дугуй байгаа. Хашаандаа л унадаг” гэлээ. Үнэхээр тэднийг хол хэмээн хэлсний дараа сая нэлээдгүй хол газар явснаа мэдлээ.

Ирэх зам уулын өгсүүр учраас гэрийн эзэгтэй хүүхдүүдээ хол явуулдаггүй байж ч мэдэх юм. Манай сурвалжлах хэсэгтэй таарсан дараагийн хүн бол 35 гаруй насны эмэгтэй байлаа. Тэрбээр XII болон VII ангид сурдаг хоёр хүүтэй гэнэ. Хөвгүүд болохоор ч тэр үү хөдөлгөөн ихтэй учраас гадаа тоглуулахаас айдаг хэмээн бидэнд хуучлав.

Тэрбээр “Манай энд тоглоомын талбай байхгүй ээ. Хүүхдүүд маань дугуйгаа унаад, гарч тоглоё гэдэг. Би айгаад байдаг юм. Манай энэ хавьд машин ихтэй. Эд нар чинь машинтай зэрэгцээд л нарийнхан зам дээр дугуй унана. Шүргүүлчих гээд хэцүү байдаг байхгүй юу. Тоглоно гээд бөмбөг аваад гарч байгаа харагддаг. Манай хүүхдүүд том болсон болохоор арай учиртай.

Гэр хороололд амьдардаг бага насны хүүхдүүд тун хэцүү дээ. Гэрээсээ хол явалтгүй. Төр засаг гэр хорооллыг орон сууцжуулна гээд л байгаа. Тэр ч үлгэр байх аа даа. Түүний оронд хүүхдүүдийн тоглох орчинг тохижуулаад өгчихөөсэй” хэмээн бухимдав. Арга ч үгүй биз. Хүүхдүүд аюултай орчинд өсч байхад эх хүн яаж санаа амар явах вэ дээ. Гэ хорооллоос харж болох нэг нийтлэг үзэгдэл нь ихэвчлэн хүүхдүүд усанд явна. Усны тэрэг, саваа харшилдуулсаар аль эсвэл тэрэгтэй усаа дааж ядах багачууд гэр хороололд ёстой л тав алхаад таарна, худаг онгорхой үед.
 


ЭРГЭН ТОЙРОН БӨӨН АЮУЛ...


Эргэн  тойрон   бөөн  аюул...  Ёстой л энэ үг гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүдэд тохирох мэт. Тоглох газар байхгүй. Тоглох гээд гэрээсээ гарахаар машин тэрэг, айлын дайрдаг нохой, шороо тоос гээд дурьдвал олон. Манай улсад 2016 оны байдлаар 0-4 насны 394514, 5-9 насны 322575, 10-14 насны 220429, 15-19 насны 236400 хүүхэд амьдарч байна гэсэн Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаа бий.

Тэгвэл эдгээр хүүхдүүдийн ихэнх нь гэр хороололд амьдарч байна. Гэхдээ тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх цаг, минут, секунд тутам зөрчигдөж буй нь сурвалжлага хийх явцад илт мэдэгдсэн. Эдгээр хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалж, ядаж тоглох орчинг бүрдүүлэхэд хуруу хөдөлгөхгүй байгаа төр засаг, хүний эрхийн байгууллагууд “хүний эрх”, “хүүхдийн эрх” гэж ярихаасаа ичээсэй билээ. Уулыг нураагаад хоёр шатахуун түгээх газрын дунд дөрөв, таван айл банзны хэсгээр хашаа татан амьдарч байна. Гэр хорооллын хүүхдүүд машин зам дээр машинтай уралдан дугуй унаж байна.

Тоглох газаргүйгээс болж хашаан дээрээс үсэрч тоглож гэмтэж бэртэж байгаа. Хашаандаа “хоригдож” байх юм. Ийм нөхцөл байдал бидний нүдэнд ил байхад хэзээ болтол гэр хорооллын хүүхдүүдийг гээх вэ. Гэр хорооллын гээгдсэн хүүхдүүдийн нэг өдрийг сурвалжлахад ийм байна. “Монголын мэдээ” сонин эрхэм уншигч танд хүргэж буй уг сурвалжлага бидний гурав дахь удаагийн сурвалжлага билээ. Өмнөх дугаарт “Ясны хугарал гамшгийн хэмжээнд хүрчээ”, “Стандартгүй тоглоомын талбайн “хамгаалагчгүй” хохирогчид” нэртэй сурвалжлагыг хүргэсэн. Ингээд гэр хорооллын хүүхдүүд юу хүсч байгааг нэмэлт хачиргүй хүргэе. Тэд ийн хүсч байна. Хуулийн дагуу 18 нас хүрээгүй хүүхдийн зургийг эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хэвлэлд гаргадаггүй учраас бид энэ удаа хүүхдүүдийн зургийг нийтэлсэнгүй.
 

О.АНУДАРЬ: МАШИН ЗАМД ОЙРХОН ТОГЛОДОГ БОЛОХООР ОСОЛД ОРОХ ГЭЭД БАЙДАГ

/15 настай, БЗД, XXII хороо/

-Би найзуудтай ихэвчлэн гар бөмбөг тоглодог. Манай Алтан-Өлгийн оршуулганы урд нэг тоглоомын талбай байгаа. Өнгөрсөн жилийн наймдугаар сард ашиглалтад орсон. Гудамжиндаа тоглох гэхээр машин их явдаг болохоор аюултай. Ялангуяа жаахан дүү нар тоглож байгаад анзаарахгүй байх хооронд машинд дайруулчих гээд их хэцүү.  Харин тоглоомын талбай нээгдсэнээр жаахан дүү нар тоглох газартай болсон. Манай дүү арван настай, тавдугаар ангид сурдаг. Би гэр хорооллын хүүхдүүдэд маш гоё тоглоомын талбай барьж өгөөсэй гэж хүсч байна. Яагаад гэвэл, хүүхдүүд тоглоомын талбайгүй учраас машин замын ойролцоо гудамж, талбайд тоглодог. Үүнээс болж автомашины осолд орох магадлалтай. Орсон хүүхдүүд ч байдаг юм, манай энэ хавьд. Ихэвчлэн эрэгтэй хүүхдүүд машин зам дээр хөлбөмбөг тоглож, дугуй унадаг. Тэр их аюултай санагддаг. Гэхдээ хүүхдүүд тоглоомын талбай, гоё замгүй учраас машин замын ойролцоо тоглохоос өөр аргагүй.
 

Д.ИДЭРБАТ: ТЭГШХЭН ГАЗАР АМЬДРАХЫГ Л ХҮСЧ БАЙНА

/Долоон настай СБД, XVIII хороо/

-Би тэгшхэн газар амьдрахыг л хүсч байна. Манай гэр уулан дээр байдаг. Уулын зам тэгшхэн биш хазгай. Тийм  болохоор дугуй унахад маш хэцүү байдаг. Хазгай газраар тормос байхгүй дугуй унадаг. Би дүүтэйгээ хамт тоглодог.
 

Б.БААСАНДОРЖ: ИЖ БҮРЭН ТОГЛООМЫН ТАЛБАЙТАЙ БОЛМООР БАЙНА

/12 настай СБД, XVI хороо/

-Манай гэрийн ойролцоо тоглоомын талбай байдаггүй. Харин сагсны шийд л бий. Тэнд олон хүүхэд ирж тоглодог. Учир нь тэр хавьд байгаа ганц тоглох газар нь тэр. Сагсны шийднээс зайдуу гэртэй хүүхдүүд ч ирдэг. Би гэр хорооллын хүүхдүүдэд зориулж гоё иж бүрэн тоглоомын талбай барьж өгөөсэй гэж хүсч байна. Манай сагсны шийдийг тоглоомын талбай гэхэд хэцүү. Ганцхан сагсны шийд байдаг болохоор бага насны хүүхдүүд тоглох газаргүй болчихдог. Том хүүхдүүд нь л тоглодог. Ер нь манай энд тоглох газар байхгүй.
 

Б.БАТ-ОРГИЛ: ТОГЛОХЫН ТУЛД СУРГУУЛЬ РУУГАА ЯВДАГ

/14 настай, СБД, Бэлх/

-Гэр хороололд тоглох газар байдаггүй. Хэрвээ тоглох болбол автобусанд суугаад сургууль руугаа явдаг. Сургуулийн хашаан дотор тоглоомын талбай байдаг юм. Ингэж явахад нь их хэцүү, аюултай байдаг. Машин зам гарах шаардлагатай. Миний дүү 12 настай. Би тоглохдоо дүүгээ дагуулж явдаг. Би дугуй унах талбайтай, дугуйн зам барьж өгөөсэй гэж хүсч байна. Одоогоор дүү бид хоёрт унадаг дугуй байхгүй л дээ. Гэхдээ аав, ээж хоёр удахгүй авч өгнө гэсэн. Бидэнд тоглох газар огт байдаггүй болохоор гэрийнхээ гадаа л өөрсдийгөө аргалаад тоглож байна.
 

С.ЭНХЖАРГАЛ: ТОГЛООМЫН ТАЛБАЙТАЙ БОЛВОЛ МАШ ИХ БАЯРЛАНА

/Есөн настай, БЗД, Алтан-Өлгий/

-Би найзуудтайгаа хашаандаа тоглодог. Найзуудтайгаа хамт тоглох тоглоомын талбайтай болохыг хүсч байна. Хэрвээ тэгвэл маш их баярлана. Энэ хавьд тоглоомын талбай байдаггүй болохоор машин замаар дугуй унадаг.
 

Т.ТЭЛМҮҮН: ХҮҮХЭД ХӨГЖҮҮЛДЭГ СУРГАЛТЫН ТӨВТЭЙ БАРИАСАЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА

/14 настай, БЗД, XXII хороо/

-Алтан-Өлгийн оршуулганы урд талд нэг тоглоомын талбай бий. Би тэнд дүү нартайгаа тоглодог. Би гэр хорооллын хүүхүүдэд зориулж маш олон тоглоомын талбай барьж өгөөрэй гэж хэлмээр байна. Мөн хүүхдүүдийг хөгжүүлдэг сургалтын  төвийг  гэр хороололдоо бариасай. Тухайлбал, зургийн дугуйлан, шатрын дугуйлан гэх мэтчилэн хүүхдүүдэд сонирхолтой байвал гоё. Тэгвэл хүүхдүүд өөрийгөө хөгжүүлнэ шүү дээ. Манайх тоглоомын талбайгаас арай зайтай. Би дугуйгаа унаад явчихдаг.  Машин замаар явж байгаа болохоор хажуугаар машин өнгөрөхөд их хэцүү байдаг, дайрчих гээд.

Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus