Үзээгүй балайг халж, үзсэн далайг сонгохын учиг
Улс төр гэж ёстой лүд юмаа. УИХ-ын гишүүд нь хууль боловсруулж, батлахын оронд эмнэлгийн засвар хийж, цас малтдаг бол Төрийн тэргүүнд нэр дэвшигчид нь ТҮК-ийн хантааз углаж, хог шүүрдэх нь холгүй гүйж явна. Магадгүй энэ удаагийн сунгаагаар “босоо” Ганбаа төрийн толгойд биш ТҮК-д ажиллавал илүү үр дүн гарч, нийслэлийн иргэд ч соёлд суралцах вий. Мань хүн хотын гудамжинд хог, шүлсээ замбараагүй хаядаг иргэдэд лекц уншиж, ухуулах бол Н.Энхбаяр эх оронч үзлийн талаар заавар зөвлөгөө өгч, хэрхэн төрөл арилжсан мэт өөрчлөгдөн, шинээр дахин мэндэлж болох арга ухааныг номлож болно. Энэ бүх ажлынхаа хажуугаар хэн хэн нь хотын гудамжийг гялалзтал өнгөлж, зүлгэж чадахыг сурталчилгааныхаа үеэр харуулаад амжина билээ. Тэднийг дагаад хотын гудамжийг үнэгүй цэвэрлээд өгөх эмээ, өвөө нар ч мундахгүй нь. Хэрэв ТҮК-д ажиллахаас цааргалвал Зам тээврийн яаманд мэргэжилтнээр авч, шинэ гарц хайлгавал зохих нь. Мань хүнээс хүлээх хүлээлт нь тэр байж ч болох юм. Далайд гарцгүй оронд шинэ үүд хаалга ч нээх юм бил үү, хэн мэдлээ. Эрийг бүү бас гэдэг хойно.


 

Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг загвар өмсөгч, борлуулалтын менежер  болгоё. Зарагдахгүй байгаа бараагаа сурталчлуулсан ч яадаг юм. Мань хүнийг “Зэрэг нэмэхийн өмнө” кинонд Дүвчинмижидбалбигомбо зайрантан өмсдөг цоохор дээлийг өнөөгийн загварын чиг хандлага болгоно чинээ хэн санах билээ. Өмнөх зууны үеийн дээлний өнгийг өнөөгийн залуусын имиж болгож, форм болтол нь өмсгөж чадаж байгаа хойно, энэ мэтчилэн зарим хувцсыг дэлгэрүүлэхэд ядах юун. Эс бөгөөс Женкогоор аймгийг, бүр болохгүй бол сумыг удирдуулаад үзэхэд илүүдэхгүй болов уу. Монголын толгой баян эрхмээр хороо удирдуулж үзэлтэй биш. Хэдийгээр боловсрол нимгэн ч Хонгор нутгийг өнгөтэй өөдтэй болгосон гэлцдэг юм билээ. Гайхалтай нь ажилсаг энэ залууг нутгийнхан нь УИХ руу илээгээгүй нь учиртай. Тэрбээр томсгосон тойргийн хэмжээнд үйл хэргээ явуулахад хараахан бэлтгэгдээгүй гэдгийг Хэнтий аймгаас эхлүүлсэн сонгуулийн сурталчилгааны үеэр олон хүн анзаарсан биз. Иймээс ядаж Хонгор нутгийнх нь Засаг даргаар ажиллуулаад үзвэл дараагийн зам мөр нь тэгширч, үг хэл нь цэгцэрмээр харагдана билээ. Үүний дараа намын даргаар ганц жил ч болтугай ажиллуулаад үзвэл бүр ч янзтай.

АН дотроо үймээн ихтэй. Иймээс энэ намын удирдлагад түүнийг нэгээс илүү жил оршин тогтоно гэхэд хэцүү. Харин ганц ч болтугай жил энэ намын удирдагчаар ажиллуулбал тэр эе эвийн бэлэгдэл гэж юуг хэлж, хэн ийм шалгуурт тэнцэхийг зах зухаас нь гадарлах нь гарцаагүй. Улмаар компани удирдах нь улс төрийн хүчнийг толгойлохоос тэс хөндлөн зүйл байдгийг мэдэх болно. Тэгж гэмээнэ өдгөө өөрийг нь эсэргүүцэх АН-ын гишүүдийнхээ өөдөөс ч хэлэх үгтэй зогсоно. АН-ын гишүүн Л.Наранбаатар өөрийн цахим хуудаснаа “Би энэ удаагийн сонгуульд Халтмаагийн Баттулгыг дэмжихгүй. Тэр бол монголчуудыг ховсдож, сайхан амьдрах боломжийг нь хулгайлсан. АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, тэмцэж явахдаа энэ мэт фашист, нацист, цэргийн эдийн засгийг дэмжигчийг оройдоо залж, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ чинээ санасангүй. Надтай адилхан бодолтой АН-ын мянга мянган гишүүд, ардчиллыг дэмжигч иргэд бий гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээжээ.


АН доторх идээ бээрийг шахаж, эмчлэх шаардлагатай хэмээн эдийн засагч мэргэжилтэй эл залуу намынхаа удирдлагуудад олонтаа шаардлага хүргүүлж байлаа. Мөн АН дарангуйлагчийг эсэргүүцэж байгаа нь энэ гэж З.Энхболд руу оймс шидэж байсныг нь ч олон хүн санаж байгаа биз. Шударга нь дэндсэн залуу гэж намынхан нь түүнийг өргөмжлөх нь бий. Хэн мэдлээ. Юутай ч тэр шаггүй сайн эдийн засагч. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Тиймдээ ч 2009 оны хувийн хэвшлийн санхүүжилтээр бүтээн байгуулалт нь эхэлсэн Тавантолгой-Гашуун сухайт буюу нүүрсний экспортын төмөр зам 2011 онд баригдаж дуусах байсныг Женкод хандан хаягласан хэрэг. Хэрэв АН-ын нэр дэвшигч Х.Баттулга энэ мэт намын гишүүдтэйгээ нүүр тулж, тэдний шахалт шаардлагыг гардан авч, үйл хэрэг үзэл бодлоо уралдуулан ажиллаж үзсэн бол өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүсэх байсан эсэхийг таамаглахад бэрх. Нөгөөтэйгүүр, Н.Алтанхуяг тэргүүтэй олон хүн түүнийг хүлээн зөвшөөрөх ч байсан юм бил үү.

Сүүлийн үед мань хүн Ерөнхийлөгчийн засаглалын талаар олон дуугарах болов. Түүний энэ үгийг намынхан нь хүртэл цочирдон хүлээн авсан. Гэтэл мань эр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжавын санаачилгаар үгээ хурцалж, үзэл бодлоо илэрхийлсэн бололтой юм. УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл “Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой гэж ярьж байгаа нь парламентын засаглалын мөн чанарыг ойлгоогүй хүний үг” хэлж байсан удаатай. Улмаар энэ санаачилга Д.Дорлигжавын мөрөөдөл гэж тодорхойлж байсан юм даг. Тэр нь дүүрч гэхэд мань хоёр эрхэм Eрөнхийлөгч хуулийн байгууллагын удирдлагаа дуудаж ганц нэг хүнийг шоглодог тухай буу халж, олны өмнө ил гарав. Магадгүй тэдний ам хэт халвал Н.Алтанхуягийн хэлээд байгаа  хонгилын эзэн хэн болохыг шууд нэрлэх бололтой дог шүү.


 

Сур сур бас дахин сур гэж үг бий. Магадгүй түүнд энэ үгийг хаяглахад буруудахгүй ч юм шиг. Тэгж гэмээнэ ядаж мэтгэлцээнээс зугтаж, нүүр бууруулахааргүй болж, төлөвших байсан ч юм бил үү. Үзсэн далай, үзээгүй балай гэгчээр хар пиараар уралдахыг урьтал болгохыг ч хичээхгүй биз. Гэхдээ тэр биш түүний арыг даагчдыг гэгээрүүлэх учиртай юм болов уу. УИХ-ын гишүүн асан Д.Энхбатын хэлсэнчлэн нэр дэвшигчээ хэт магтах хүмүүс тэнэг сармагчин эзнээ учиргүй хайрлаад алчихдаг үлгэртэй ижил үйл явц АН-д л өрнөөд байх шиг. Эсвэл энэ бүхэн янаглан хорлолт уу гэдгийг бас л бодууштай.

Үйлдвэрийн шат дамжлага шиг дээрх давааг Женко ч давсан бол өдгөө удам судраараа элдэвлүүлж, хар будгаар шүршүүлж байгаа ч ганхахгүй алхаж яваа М.Энхболдтой эн зэрэгцэж харагдах байлаа. МАН-ын нэр дэвшигч зүү шидсэн болгон руу тэвнэ чулуудсангүй. Х.Баттулгын эхнэр болоод хувийн амьдралыг нь сөхсөнгүй. Тэр ч бүү хэл, хүүгийнх нь талаар элдвийг дэлгэсэнгүй. Гагцхүү мэдлэг, боловсрол, арвин намтраараа өөрийгөө чимэж, бусдын өмнө нүүр бардам алхаж явна.

Д.ДОРЖ

Бусдад түгээх
  • gplus