Гадаадад суугаа Монгол Улсын иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг энэ сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулсан талаар өнөөдөр Төв комиссоос мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн сонгуулиар гадаадад суугаа Монгол Улсын иргэдээс санал авах ажлыг зохион байгуулахаар 33 улсад 45 салбар комисс байгуулагдан ажилласан.
Гадаадад суугаа сонгогчдын саналыг Сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-аас тогтоосон өдрүүдэд тухайн орон нутгийн цагаар 07:00-22:00 цагийн хооронд авах ёстой учир хамгийн эхэнд Австралийн Канберра хот дахь салбар комисс санал хураах ажиллагаагаа Улаанбаатарын цагаар 10-ны өдрийн 05:00 цагт эхлүүлсэн бол хамгийн сүүлд АНУ-ын Сан Франциско хот дахь салбар комисс Улаанбаатарын цагаар 12-ны өдрийн 13:00 цагт дуусгажээ.
Гадаад суугаа монгол иргэдээс энэ удаагийн сонгуульд оролцож саналаа өгөхөөр 7209 иргэн бүртгүүлж баталгаажсанаас 4816 иргэн саналаа өгч, ирц 66,8% байв.
Сөүл, Бээжин, Вашингтон зэрэг 11 салбар комисс дээр МАН, АН-аас томилогдсон 19 ажиглагч санал хураах ажиллагаанд оролцсон байна.
Гадаадад санал өгсөн иргэдийн саналыг зургадугаар сарын 26-ны өдөр тоолно.
Г.Зул