Видео: Сонгогч та саналаа хэрхэн өгөх вэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2017 оны зургадугаар сарын 26-ны даваа гарагт явагдана. Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь бүх нийтээр амарна. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.



Сонгогч та саналаа өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ очих бөгөөд гарын хурууны хээгээ даран өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хубилбартай тохирч байгаа эсэхийг шалгуулаад сонгогчийн бүртгэлийн хуудсаа авна.

Бүртгэлийн хуудас хүлээн авсан сонгогчид саналын хуудсыг саналын хуудасны хавтасны хамт өгнө.

Сонгогч та саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудсанд өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшичгийн нэрийн өмнөх улаан хүрээ бүхий зууван дугуйг зориулалтын үзгээр дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог.

Сонгогч дээр дурдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг хавтсанд хийн санал тоолох төхөөрөмж рүү очих бөгөөд саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид уншуулахдаа хавтаснаас нь салган авч хийгээрэй.

Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж/саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргах боломжийг хуулиар олгожээ.

Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болдог.

Сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан, ажиглагч нь итгэмжлэгдсэн хүн байж болохгүй.

Сонгуулийн Ерөнхий хороо

Бусдад түгээх
  • gplus