В,С вирүсийн шинжилгээг энэ сарын 15-аас авч эхэлнэ

Засгийн газрын тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсан.  Тус хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарч даатгуулагчийг хепатитийн В, С вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журам батлагдан гарсан билээ.

Энэхүү шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Эрүүл  мэндийн газраас Улаанбаатар хотноо илрүүлэг шинжилгээг хийх эмч, мэргэжилтнийг бэлтгэж сургах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, шинжилгээний материалын бэлэн байдлыг хангах, өрхийн эрүүл мэндийн төв дээр хороо, хэсгээр нь эмх, замбараатай, хүлээгдэл чирэгдэлгүй шинжилгээнд хамруулах хуваарийг боловсруулах зэрэг бэлтгэл ажлыг зохион байгуулжээ.

Нийслэлд оршин сууж байгаа 40-65 насны 330000 орчим иргэдийг Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил  энэ сарын 15-аас эхэлж есдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.

Иймд 40-65 насны иргэн та 2017 оны тавдугаар сарын 15-аас өмнө эрүүл мэндийн даатгалын 2016, 2017 оны шимтгэлийг бүрэн төлсөн байх шаардлагатайг анхаарна уу гэж НЭМГ-аас мэдээллээ.


 

Бусдад түгээх
  • gplus