Он гарснаас хойш 16 мянган хүнийг ажлын байраар хангасан гэв
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг тусган зөвлөмж гаргаж, зөвлөмжийг Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хүргүүлэхээр болсон юм.
 
Хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад албаныхан дараах хариултыг өглөө.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн “2017 онд 40 мянган ажлын байр шинээр бий болгоно гэж төлөвлөсөн. Одоогоор хэчнээн хүн ажилтай, орлоготой болсон бэ” гэсэн асуултад хариулт авахыг хүслээ. Үүнд Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа “2017 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 16400 хүнийг түр болон байнгын ажлын байраар хангасан. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд иргэнд 10 сая, аж ахуйн нэгжид 20 сая төгрөгийн зээл олгох ажил эхэлж байна” хэмээн хариулт өглөө.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Л.Энхбаярын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байртай, орлоготой болгох чиглэлээр хийж буй ажлын талаархи асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Дэлхийн банкнаас 25 сая ам.долларын зээл авах асуудал шийдэгдсэн. Энэ зээлийг ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байртай болгоход зарцуулна” гэж хариуллаа.
 
  П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus