Монгол төрийн өндөр босгоос боловсролыг хасч хөрөөдөх эрх хэнд ч үгүй

Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөний хамгийн хурц “үзэгдэл”-үүд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын зүгээс өрнөсөөр байна. “Телевизийн мэтгэлцээнд оролцохгүй” гэсэн түүний хувьд нэр дэвших цагаасаа л нэг  айдас, эмзэглэлийн сэдэвтэй байсан нь “боловсрол” байлаа. Зайлшгүй нэхэгдэх, жишиж харьцуулагдах энэ сэдвийн өөдөөс түүнийг дэмжигчид “булчин” ярьсаар өнөөг хүрэв. Гэвч сонгогчид “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн 66 хувь нь боловсролгүй” гэдгийг сонсоод зүрх сэтгэлдээ сонголтоо хийх болохоос хэдэн хувь нь “булчингүй” вэ гэдэг нь огт нөлөөлөхгүй л болов уу.

Нэр дэвшигч өөрөө овжин учраас “аянгыг зайлуулж” боловсролын тухай огт хөндөхгүй, сонгогчдын санаа бодлыг айдас жигшил төрүүлэм сэдэв рүү хазайлгадаг арвин туршлагатай. Дээр нь түүний пи-арчид, дэмжигчид олон нийтийн сүлжээнд бусадтай харилцахдаа зүй бус үг хэллэг, үйлдэл сонгогчдын дургүйцлийг төрүүлж, өнөөдөр миний өөдөөс “хуц” гэж буй пи-арчид нь маргааш гарт минь гав зүүх эрх мэдлийн төлөө ямар гээчийн хорт үйл ажиллагаа явуулахыг тааварлаж байна. “Хөөрхий, Монголын төлөө хэд барилдаад боловсролгүй болчихсон юм” гээд өрөвдөж сонголт хийх эрх монголчуудад байхгүй. Төрийн тэргүүний үүргийг хүлээх арвин туршлагатай, хангалттай мэдлэг боловсролтойг нь сонгох үүргийг ирээдүйнхээ өмнө хүлээж байна.

Харин гурван нэр дэвшигчээс хамгийн өв тэгш хүмүүжилтэй, боловсролгүй биш, хуурамч дипломтой ч биш, Харвард, Оксфордоо байг гэхэд МУИС-ийг “оригиналь” дипломтой, амьд гэрчүүдтэй төгссөн нь Миеэгомбын Энхболд. Түүний төгссөн МУИС-ийг муулах, мяалах нь  75 жилийн түүхтэй тус сургуулийг, түүний үе үеийн төгсөгчид, бараг нэгэн зууны сэхээтнүүдийг бүхэлд нь доромжилсон хэрэг болно.

Дашрамд дурдахад Орос орон, Зөвлөлт Улсын төрийг олон жил жолоодсон Л.И.Брежнев агсан эрүүл мэнд нь доройтож гадаадад эмчлүүлэх шаардлагатай байна гэсэн эмч нарт “Би Зөвлөлт Улсын анагаах ухаанд итгэдэг” гээд нутагтаа үлдсэн гэдэг. Үүний нэгэн адил Монгол Улсынхаа дээд боловсролын эцэг сургуульд итгэдэггүй Төрийн тэргүүн гэж баймааргүй. Огт боловсролгүй, монгол ухаан ч билүү дипломгүй муйхар, өөрийгөө шүтсэн үзлийг, эсвэл хуурамч ч хамаагүй гадаад диплом чухал уу. Өнөөдөр аль нэг сумын, эсвэл …дугаар хорооны иргэн хүртэл сумын Засаг дарга, хорооны Засаг даргад нэрээ дэвшүүлэхэд мэдлэг боловсрол, ажлын туршлагаараа өрсөлдөж сонгогддог. Аль ч шатанд ажилд томилогдохдоо тодорхой шалгуур, стандартыг давж байж томилогддог. Учир нь тэдний хүлээж буй үүрэг бусдын төлөө юм.

Энэ удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох хүн Монголын нийт сонгогчдын 50-иас дээш хувийн санал авах ёстой. Энэ босго нь нийт ард иргэдийн эрх ашгийн төлөө зүтгэж чадна гэсэн шалгуур юм. Гэтэл энэ босгоос хамгийн гол үзүүлэлт болох мэдлэг боловсролыг хасч, “хөрөөдөх” эрх аль ч нэр дэвшигчид байхгүй. Тэр тусмаа адилхан жүдочин, адилхан бөх хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад “Боловсролгүй бөхөөр яадаг юм бэ”, “Үе үеийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс хамгийн боловсрол муутай нь Б.Жаргалсайхан, Б.Бат-Эрдэнэ нар” гэсэн зэрэг нь өнөөдөр өөрийнх нь толгой дээр бууж байна. Тэр үед үнэхээр Х.Баттулгын үг сонгогчдод нөлөөлж Б.Бат-Эрдэнэ гэдэг хүн бөх барилдаж байснаасаа эсвэл өрсөлдөгчөөсөө арай “намхан” боловсролтой учраас Ерөнхийлөгчөөр сонгогдоогүй байж мэднэ.

Тэгвэл өнөөдөр яагаад Х.Баттулгыг сонгоно гэж? Магадгүй ийм л жин дунгуй хүний амьдралын тойрог мөчлөгт тохиодгоос үүдэж “Уул өөд өгсөхдөө хүнтэй бүү муудалц. Уруудахдаа дахиад тааралдаж мэднэ” гэдэг байх. Боловсролоор биш бөхийн спортод гаргасан амжилтаар нь харьцуулах гээд үзье. Б.Бат-Эрдэнэ аварга гурван удаа дэлхийн аваргаар шалгарч байсан бол Х.Баттулга нэг л удаа аваргалж байжээ. Одоо тэр “Нэг ба гурвын тооны аль нь их вэ” гэвэл “Нэг нь гурваас олон” гэж хэлэхээр байна. Нэр дэвшигч С.Ганбаатар боловсролгүй, түүнийгээ нууж хуурамч дипломоор сонгогчдыг хуурч санал авсан нь буруу. Арай л доромжлол гэхээр түүний үйлдэл “бакалавргүй магистр” гэдэг онигоог бий болгосон нь буруу жишиг. Гэхдээ нийгмийн хамаг хог шавхруу, алдаа оноог шүүрдэж цэвэрлэх арга замаа мэдэхгүй бухимдсандаа “МАНАН” гэж чарладаг түүхий боловсрол, ёс зүйн түвшин оюуны багтаамж ухааны цараа “үзэгчдэд” хэдийнэ танил болсон. Тиймээс ч хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдчихвол “Би одоо яанаа, юу хийнээ”, “МАНАН-гийн тарьсан хогийг шүүрдэхээс” гэж ярих хүн гэж шоолуулж сууна. Ямар сонгуулийн маргаашаас тааралдахгүй биш дээ, хэдүүлээ. Яг одоо өрнөж буй үг, үйл явдал бүхэн түүх болж дөрөв, найман жилийн дараа дахиад л энэ тухай дурсана.

Ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд ард түмнээ доромжилж, нийт сонгогчдыг харанхуй бүдүүлэг гэж таамаглах найдах, боловсролыг дорд үзэх, тийм ч чухал биш гэж  ухуулан ирээдүйд хар мөр үлдээх хэрэггүй. Тэр тусмаа нэгийгээ Төрийн тэргүүн болгохын тулд анд нөхрөө муулж явсан хүн яг тэр сэдэв дээрээ өөрөө нэр дэвшихдээ хальтирч ч байх шиг ичгүүртэй дүр зургуудыг болдогсон бол түүхийн ой санамжаас арчиж арилгахсан. Их дээд сургуулиудад үр хүүхдээ сургах гэж хотоо харлуулахад энүүхэнд болж “малчдын зээл” гэгчийг аваад ч атугай дэлхийн хэмжээний боловсрол өвлүүлэхийг хөөрөг, гаанс үлдээхээс илүүд үздэг болсон сэтгэлгээний шинэчлэлийг олон хүн талархан хүлээн авдаг. Гэтэл одоо сонгох Ерөнхийлөгч маань төгсөх ангийнхны,  оюутнуудын, багш нарын, ямар нэг хэмжээгээр боловсрол мэдлэг эзэмшигчдийн урмыг хугалж байж “үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч” болох ёстой гэж үү. Одоо төмөр замын өргөн, нарийн царигаар хоёр хуваах биш, дипломтой ба дипломгүй, хуурамч дипломтой гэхчлэн гурав хуваах аргаар “Эв нэгдлийн бэлгэ тэмдэг” болох уу.

Үе үеийн Төрийн тэргүүнүүдийн боловсролын ранкийг сануулахад анхны Ерөнхийлөгч П.Очирбат доктор, Н.Багабанди магистр, Ц.Элбэгдорж Харвард төгссөн магистр, Н.Энхбаяр магистр /доктор/ гэхчлэн олон нийтээрээ цээжилчихсэн. Одоо  энэ хэлхээс таслагдаж мэдэх нь дээ. Бид “Өндөр төрийн сүлд ивээж…” хэмээн Төрийн дуулалдаа магтан дуулдаг ард түмэн. Өндөр төрийн сүлд ивээнэ гэдэг бол өндөр төрийн босгыг давж Төрийн тэргүүн болно гэсэн үг биш гэж үү. Эрдмийг дээдэлдэг ард түмэн энэ удаа тэс өөр сонголт хийж “эдийг дээдлэх” нь юу л бол.

Бусдад түгээх
  • gplus