Программ хангамжийн мэргэжлийн суурь сургалт эхэллээ

“Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн дэргэд мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургах төвийг БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд өнөөдөр тус төвд JAWA хөгжүүлэлт болон web хөгжүүлэлтийн хоёр дахь удаагийн сургалт эхэлсэн байна. Сургалтад суухаар нийт 230 гаруй иргэн шалгалтад орж, 54 хүн тэнцэн JAVA болон web хөгжүүлэгчийн ангид гурван сарын хугацаанд үнэ төлбөргүй суралцахаар боллоо.

Энэ талаар Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир "Бид мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж өндөр цалинтай ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх бололцоог бүрдүүлж байгаа юм. Монгол залуучууд маань мэдлэг оюунаа дайчилж, дэлхийн түвшинд хүрэх, амьдралын чанараа дээшлүүлэх, өөрийн эх орондоо байгаа хэдий ч дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын төсөл дээр хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Саяхан болсон “Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн нээлт дээр Солонгосын мэдээллийн технологийн тэргүүлэх 8 компанийн төлөөлөл хүрэлцэн ирж цаашдын хамтын ажиллагааны тухай ярьсан. Энэ төвийн сургалтад сууж амжилттай төгссөн иргэдийг гадны төслүүд дээр ажиллуулах талаар шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлнэ. Та бүхэнтэй адил энэ сургалтад суух хүсэлтэй олон залуучуудад энэ мэдээллийг түгээж хамтран ажиллаарай. Мөн сургалтдаа идэвхтэй оролцож сайн төгсөөд дараагийн шатны хөтөлбөрүүдэд хамрагдан дэлхийн хэмжээний боловсон хүчин болж эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулаарай” гэлээ.

Программ хангамжийн суурь сургалтад гурван сарын хугацаанд суралцсан иргэд мэргэжлийн сертификаттай төгсөх бөгөөд амжилттай төгссөн тохиолдолд сургалтын төвийн “Бизнес инкубатор төв”-д хамрагдан мэдээллийн технологийн чиглэлийн төсөл, хөтөлбөрт хамтран ажиллах боломж бүрдэх юм
 

П.Гоо
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus