Хүүхдийн хүнд хөдөлмөрийн эсрэг хоёр сарын аян өрнөнө

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас санаачлан дэлхий нийтээр хүүхдийн хөдөлмөрийн нөхцөл байдалд анхаарал хандуулж, түүнийг устгахад бүх нийтийн дэмжлэгийг бий болгохын төлөө Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг 2002 оноос эхлэн тэмдэглэх болсон.  

Энэ жил Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг “Мөргөлдөөн, гамшгийн үед хүүхдийг хүнд хөдөлмөрөөс хамгаалъя” уриан дор тэмдэглэж буй.

Өнөөдөр дэлхий дахинд ойролцоогоор 250 сая хүүхэд зэвсэгт мөргөлдөөний голомтод амьдарч, жил бүр 70 сая хүүхэд байгалийн гамшигт нэрвэгдэж буй. Үүний улмаас 168 сая хүүхдийн ихэнх нь хүнд хөдөлмөр эрхэлж байна. Мөн 165 сая дүрвэгсдийн тэн хагас нь хүүхдүүд аж.

Монгол улс 2006 оноос эхлэн дэлхийн хэмжээнд өрнөж буй санаачилгатай нэгдэж, үндэсний онцлог, хууль эрх зүйн орчин, тогтолцоо, үйлчилгээг эргэн дүгнэх, цаашид хэлэлцэх үйл ажиллагааг хэлэлцэх, олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.

Тэгвэл энэ жил Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, 21 аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймаг нийслэлийн Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний газар, хэлтсүүдтэй хамтран зургаадугаар сарын 12-ны өдрөөс наймдугаар сарын 10-ныг хүртэл хүүхдийн хөдөлмөрийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх замаар хүүхдийн хөдөлмөрийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр сарын аян өрнүүлэх боллоо. 

Тус аяны хүрээнд хууль эрх зүйн асуудлаарх  олон нийтийн  ойголт мэдлэгийг дээшлүүлэх,  цаашлаад Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтын дагуу аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллага, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, хэлтэс, Боловсрол, соёл урлагийн газар, төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийх, 16 аймагт  бичил уурхай дээр ажиллаж буй гэр бүл, хүүхэд, залуучуудруу чиглэсэн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж мэдлэгжүүлэх зэрэг олон талт ажлыг зохион байгуулах юм.

Мөн Улсын баяр наадамтай холбогдуулан хурдан морины уралдааны бүртгэл мэдээллийг сайжруулж, уралдааны үед хүүхдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд арга зүйн зөвлөгөө туслалцааг өгч ажиллана.

Бусдад түгээх
  • gplus