Эхийн сүүгээр хооллосон нялхас амьдрах чадвараараа 14 дахин илүү байдаг
Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн холбооноос анх “Хүүхдийг эхийн сүүгээр хооллох” дэлхийн 7 хоногийн компанит ажлыг “Хүүхдэд ээлтэй эмнэлгийг дэмжье” уриан дор тэмдэглэж эхэлснээс хойш 20 гаруй жил өнгөрч, жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон.  Монгол улс 1992 оноос “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлсээр ирсэн. 

Хүүхэд эрүүл энх, эсэн мэнд амьдрахын гол үндэс нь хүүхдийн хоол тэжээлийн юм. Монгол Улсын засгийн газраас 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” жил болгон зарласан нь нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг сайжруулахад чухал алхам боллоо. Нярай хүүхдийг зөв хооллох нь тэдний хоол тэжээлийн байдал, өсөлт хөгжил улмаар амьдрах чадварыг сайжруулна. Нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн хамгийн чухал хэсэг нь хүүхдийг төрөнгүүт 1 цагийн дотор ангир уургийг амлуулах, төрсний дараа эхний 6 сар эхийн сүүгээр дагнан хооллох гэдгийг олон улсын хэмжээнд хэрэгжүүлж байна. Учир нь 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхэд нь хооллоогүй хүүхдээс амьдрах чадвар нь 14 дахин илүү байдаг байна. Хүүхдийг төрөнгүүт эхний 1 цагийн дотор ангир уургаар амлуулах нь нялхасын эндэгдлийг 45 хувь бууруулах боломжтой. Үүний зэрэгцээ 6-23 сар хүртлээ үргэлжлүүлэн эхийн сүүгээр хооллосон хүүхэд суулгалт өвчнөөр нас барах эрсдэл 2,8 дахин бага байдаг бол эхийн сүүгээр хооллоогүй хүүхдийн нас барах магадлал нь 6-11 сартайд 56 хувь , 12-23 сартайд 23 хувиар тус тус өсдөг байна. 

Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор эх, үрийн нандин холбоо үүсч, эрүүл мэндийг хамгаалан дэмжихэд ихээхэн чухал ач холбогдолтой. Эхийн сүү нь хүүхдийн биед шаардлагатай уураг, тос, нүүрс ус, эрдэс бодис, аминдэмүүдийг хамгийн зохистой харьцаагаар агуулж тэдний өсөлт, хөгжилт, хөдөлгөөн, хоол боловсруулахад зарцуулагдах илчлэгийг нөхөж байдаг. Үүнээс гадна өөр ямар ч сүүний найрлагад байхгүй халдварт өвчин эсэргүүцэгч нян, бактери, мөөгөнцрийг устгах эсрэг биетүүдийг агуулснаараа өвчнөөс сэргийлдэг. Эхийн сүү нь дандаа шинэхэн, халуун хүйтэн нь тохирсон, орчны халуунд шингэрч, хүйтэнд илчлэг чанар нь нэмэгддэг учраас гүйлгэх, өтгөн хатах, харшил өгөх зэрэг гаж нөлөөгүй. 

  Эхийн сүүгээр хооллох нь зөвхөн хүүхдэд төдийгүй эхэд сайн нөлөө үзүүлдэг. 
 - Эхийн дархлаа сайжирна. 
 - Умай сайн агшина. 
 - Жирэмслэлт хоорондын зай уртасна. 
 - Хөхний хавдар болон бусад эмэгтэйчүүдийн өвчлөл багасна. 

Дэлхий даяар жил бүрийн 8 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ оны “Эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг “Эхийн сүүгээр хооллох нь амьдрал тэтгэх алтан боломж” гэсэн сэдэв, уриалгын дор тэмдэглэх болсныг Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн холбооноос зарлаж байна. Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоногийн сэдэв нь Мянганы Хөгжлийн Зорилтуудыг дүгнэх хүртэл буюу мөн түүнээс хойшхи хугацаанд эхийн сүүгээр хооллох дадлыг дэмжих, сурталчлах, хамгаалах ач холбогдлыг онцлон уриалахад чиглэгдэнэ. 
 
Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.