Ерөнхийлөгч эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод өчигдөр орой эх орондоо хүрэлцэн иржээ.

Тэрбээр уг хуралдаанд оролцон үг хэлэхдээ “ШХАБ үйл ажиллагааны хувьд ч өргөжиж, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар зэрэг олон талт хамтын ажиллагааг хамарсан байнгын ажиллагаатай олон улсын байгууллага болж өсч өндийж буйд баяртай байна.

Манай улс ШХАБ-тай терроризм, хар тамхины хууль бус наймаатай тэмцэх чиглэлд хамтран ажиллахыг мөн сонирхож байна. Мансууруулах бодистой тэмцэх ШХАБ-ын стратегийг энэхүү хуралдаанаар хэлэлцэн баталсныг бид сайшаан дэмжиж байна. ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцогч улс орнуудын хувьд үйл ажиллагаагаа бэхжүүлж, харилцан уялдаа холбоогоо сайжруулах нь Монгол Улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой төдийгүй,  дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь  нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай хоёр талын уулзалт хийж, “Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцлоо.


Энэ удаагийн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанаар Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсыг ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлсэн юм.

Өргөтгөсөн хуралдаанд ШХАБ-ын гишүүн ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекстаны Төрийн тэргүүн нар, шинээр тус байгууллагад элссэн Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди, Пакистаны Ерөнхий сайд М.Шариф нараас гадна ажиглагч орнуудыг төлөөлж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Афганистаны Ерөнхийлөгч М.Гани, Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко, Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд И.Рахимпур нар оролцлоо.

Мөн НҮБ, Азийн харилцаа, харилцан итгэлцлийн хэлэлцээ, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Зүүн-Өмнөд Азийн орнуудын улс орнуудын зөвлөл зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон юм.

President.mn

Бусдад түгээх
  • gplus