Ор нэр төдий мал эмнэлгийг эргэн сэргээх үү
Манай улс бол уул уурхайгаас хараат. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн үнээс манай улсын эдийн засаг хамаардаг гээд хэлчхэд буруудахгүй. Нүүдэлчин монголчууд ийнхүү газрынхаа баялгаас хэдий болтол хамааралтай амьдрах вэ? Түүх намтраар арвин мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үнэд хүргэх, үүгээр эдийн засгаа тэтгэх нөхцөл боломжийг хэрхэн бий болгох вэ? Үүнд хариулт өгч болох нэг хууль өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгдлээ. Дэлхийн олон улс орнууд мал амьтны гаралтай бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, түүгээр эдийн засгаа хөгжүүлдэг. Манай улс ч мөн энэ жишгээр мал аж ахуйн салбарыг зохицуулсан хууль эрхзүйн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд хэлдэг. 1993 оноос хойш малын үржил болон эрүүл мэндийн асуудлыг нэг хуулиар зохицуулж ирсэн. Үүнээс хойш  дөрвөн ч удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. 2001, 2007 онд шинэчлэн найруулсан. Харин 1990 он гарч, зах зээлийн системд шилжсэнээр мал, төрөөс хувийн өмчид шилжсэн.  Ингэж мал хувийн өмч болсон учраас төр юуг нь хариуцах вэ гэдгийг тодорхой болгож өгөх шаардлагатай болсон хэрэг. Нэг үгээр малчдын хүлээх хариуцлага ч өндөржсөн. 

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталж хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих байдлыг зохицуулах чухал нөлөөтэйг хууль санаачлагчид хэлж байна. Сүүлийн жилүүдэд худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт өвчин сум, цаашилбал аймгийн төвшинд тархаж улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулах болсон нууц биш. Мөн энэ хуулийн төслийг баталснаар  Засгийн газар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага болон бусад олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, чиглэл, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн орчин бүрдэх юм.

Мөн мал эмнэлгийн чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллага, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагаа сайжирч, мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, үр ашиг дээшилнэ. Зарим төрлийн халдварт болон шимэгчлэх өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээний зардлыг мал, амьтны эзэн хариуцдаг механизмыг бүрдүүлж, улсын төсвийн ачааллыг багасгах гээд олон талын эерэг нөлөөтэйг дуулгаж байна. Хуулийг энэ хаврын чуулганаар багтаан батлах чиг барьж байгаа. Иймээс сонгуулийн дараа хуралдах чуулганаар мал эмнэлгийн салбарт шинэ дэвшил авчрах хуулийн төсөл батлагдах нь. Нэг үгээр уналтад ороод байгаа мал эмнэлгийн салбар сэргэж, Монгол Улс малын түүхий эдээ дэлхийн төвшинд гаргах шинэ боломжууд гарч ирэх юм. Хуулийн төсөл өнгөрсөн оны сүүлчээр өргөн баригдсан ч багагүй хугацаанд “дуншиж” байгаа юм. Өмнөх парламентын үед ч энэ хуульд өргөн баригдаж, хэлэлцэгдэж амжаагүй. Харин энэ удаад хууль санаачлагчид найдвар тавьж байна.

П.ГОО 
Оллоо.мн 

 

Бусдад түгээх
  • gplus