Тэрбумтантай зоог барихад 2.6 сая  “ногоон” төлнө

АНУ-д жил бүр уламжлал болон явагддаг хүмүүнлэгийн дуудлага худалдаагаар тэрбумтан Уоррен Баффеттэй үдийн зоог барих эрх 2.6 сая ам.доллараар зарагдсан байна. Дуудлага худалдааны ялагч хэн болох нь тодорхойгүй гэж “Ассошетэйд Пресс” агентлаг мэдээлэв.

Уоррен Баффет өөрөө эрхлэн явуулдаг дуудлага худалдаа энэ жил 18 дахь удаагаа зохиогджээ. Дуудлага худалдааны ялагч тэрбумтантай хамт үдийн зоог барихаас гадна түүнд ямар ч санал тавьж, сонирхсон асуултын хариуг авч болдог. 2.6 сая ам.долларыг тэрбумтан Сан-Франциско хот дахь орон гэргүй хүмүүст дэмжлэг үзүүлдэг "Glide Foundation" санд шилжүүлдэг.

Өмнөх дуудлага худалдаанаас нийтдээ 24 сая ам.доллар цуглаж байжээ. Америкийн тэрбумтан, хөрөнгө оруулагч Уоррен Баффетийг “Форбс” сэтгүүлээс дэлхийн хоёр дахь баян хүнээр тодруулсан бөгөөд түүний нийт хөрөнгө 76.9 тэрбум ам.доллартай тэнцдэг.


Зууны мэдээ
М.Хүслэн

Бусдад түгээх
  • gplus