Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ наймдугаар сарын 21-26-ны өдрүүдэд Францын нийслэл Парист болно. Тэгвэл тус тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчдын нэр тодорчээ.
Монголын чөлөөт бөхийн холбоо ДАШТ-д оролцох баг тамирчдаа сонгох үүднээс өнгөрсөн амралтыг өдрүүдэд сонгон шалгаруулах тэмцээнийг шинэлэг хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Эхний өдөр тойргийн барилдаанд чансааны хоёроос зургадугаар байрт багтсан тамирчид тойргоор барилдаж, ялагч нь маргааш нь болох халз барилдаанд өрсөлдсөн юм.
Өчигдөр “АСА” циркийн гадна болсон чансааг тэргүүлэгчид болон тойргийн барилдааны ялагчийн халз барилдаан болсон. Гадаа талбайд анх удаа ДАШТ-д оролцох тамирчдаа “шигшсэн” энэхүү тэмцээн уухайн түрлэгтэй, гал гарсан, сонирхолтой, өрсөлдөөнтэй, үзүүштэй сайхан болж өнгөрөв.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Н.Лхамгармаа, 70 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д Д.Гомбодорж, 86 кг-д О.Үйтүмэн, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо, эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д Д.Отгонцэцэг, 55 кг-д Э.Даваачимэг, 58 кг-д А.Батцэцэг, 60 кг-д Б.Шоовдор, 63 кг-д П.Орхон, 69 кг-д О.Насанбурмаа, 75 кг-д Г.Уртнасан нар халз барилдааны ялагч болж, Францын нийслэлийг зорих тийзээ захиаллаа.
Халз барилдаанд жин тус бүрт бөхчүүд хэрхэн барилдсаныг тоймлон хүргэе.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ:
Занданбудын Занабазар (Арслан) - Эрдэнэбатын Бэхбаяр (Хангарьд) 0:2 (0:5, 0:7)
Гавьяат тамирчин Э.Бэхбаяр тойргийн барилдаан болон халз барилдаанд техникийн ганц ч оноо алдаагүй Парисыг зорих эрхээ авлаа. Тэрбээр хагас шигшээ барилдаанд ОУХМ З.Занабазарыг туршлага заан хоёр барилдаанд 5:0, 7:0-ээр ялав.
61 КГ:
Түмэнбилэгийн Түвшинтулга (Аваргууд академи) - Бямбадоржийн Хаш-Эрдэнэ (Алдар) 2:0 (5:2, 2:2)
ОУХМ Т.Түвшинтулга ДАШТ-д хоёр дахь удаагаа тоосоо өргөхөөр боллоо. Тэрбээр ОУХМ Б.Хаш-Эрдэнэтэй барилдаж, 5:2, 2:2-оор ялав.
65 КГ:
Нармандахын Лхамгармаа (Алдар) - Батчулууны Батмагнай (Алдар) 2:0 (10:9, 10:0)
ОУХМ Н.Лхамгармаа дэлхийн томчуудтай анх удаа нүүр тулахаар боллоо. Өмнөх өдөр нь ОУХМ Б.Номинг ялж, халз барилдаанд хүч үзсэн Б.Батмагнай эхний барилдаанд Н.Лхамгармаатай тун тэнцүүхэн барилдаж, нэг онооны зөрүүтэй дийлдсэн бол хоёр дахь барилдаанд цэвэр ялагдав.
70 КГ:
Ганзоригийн Мандахнаран (Алдар) - Гантулгын Идэрүү (Аваргууд академи) 2:1 (3:6, 6:1, 4:0)
Гавьяат тамирчин Г.Мандахнаран халз барилдаанд ОУХМ Г.Идэрхүүд 3:6-гаар ялагдсан. Харин удаах хоёр барилдаанд 6:1, 4:0-ээр ялалт байгуулснаар ДАШТ-д зургаа дахь удаагаа оролцох эрхээ авав.
74 КГ:
Доржваанчигийн Гомбодорж (Сүлд) - Бат-Эрдэнийн Бямбадорж (Алдар) 2:0 (10:0, 14:3)
ОУХМ Д.Гомбодорж “Алдар”-ын өсч яваа залуу тамирчин Б.Бямбадоржийг хоёр удаа оноогоор цэвэр ялж, Парисыг зорихоор боллоо.
86 КГ:
Пүрэвжавын Өнөрбат (Хасу-Мегастарс) - Оргодолын Үйтүмэн (Алдар) 0:2 (1:3, 10:10)
ОУХМ О.Үйтүмэн ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Тэрбээр Гавьяат тамирчин П.Өнөрбаттай барилдаж 3:1, 10:10-ээр илүүрхснээр дөрөв дэх удаагаа ДАШТ-д зодоглохоор болов. Тэдний хоёр дахь халз барилдаан маш сонирхолтой болж, О.Үйтүмэн барилдаан дуусахаас хэдхэн секундын өмнө нь хүчтэй өрсөлдөгчөөсөө хоёр оноо салгаж, ялалт байгуулсан юм.
97 КГ:
Өлзийсайханы Батзул (Хүч) - Лувсандоржийн Төртогтох (Сүлд) 2:0 (8:2, 7:0)
ОУХМ Ө.Батзул “Mongolia Open” ОУТ-ий аварга Л.Төртогтохыг 8:2, 7:0-ээр ялж, дэлхийн томчуудтай анх удаа хүч үзэх болов.
125 КГ:
Нацагсүрэнгийн Золбоо (Хүч) - Доржхандын Хүдэрбулга (Сүлд) 2:0 (5:0, 4:0 бэртсэн)
ОУХМ Н.Золбоо анх удаа ДАШТ-д оролцохоор боллоо. Тэрбээр ОУХМ Д.Хүдэрбулгатай барилдаж, эхний халз барилдаанд 5:0-ээр ялсан. Харин хоёр дахь барилдаанд Д.Хүдэрбулга бэртлийн улмаас барилдаагүй юм.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ:
Эрдэнэсүхийн Нарангэрэл (Хангарьд) - Сэдбазарын Энхтунгалаг (Арслан) 2:0 (9:3, 6:2)
ОУХМ Э.Нарангэрэл залуу тамирчин С.Энхтунгалагийг хоёр барилдаанд 9:3, 6:2-оор ялж, ДАШТ-д дөрөв дэх удаагаа оролцохоор боллоо.
53 КГ:
Даваасүхийн Отгонцэцэг (Хасу-Мегастарс) - Ганбаатарын Отгонжаргал (Алдар) 2:1 (5:0, 0:4 цэвэр ялсан, 8:6)
Гавьяат тамирчин Д.Отгонцэцэг Парисыг зорих эрхийн төлөө тун амаргүй барилдаан хийлээ. Тэрбээр энэ жилийн “Монголиа Опен” ОУТ-ий аварга Г.Отгонжаргалтай халз барилдаанд хүч үзсэн бөгөөд эхний уулзалтад 5:0-ээр тэргүүлсэн. Харин хоёр дахь барилдаанд Г.Отгонжаргал гавьяатын хийсэн мэхийг тун чадмаг хариулж, цэвэр дарсан. Шийдвэрлэх гурав дахь барилдаанд маш сонирхолтой болж, чөлөөтийн отгон гавьяат Д.Отгонцэцэг туршлага заан 8:6-аар яллаа.
55 КГ:
Эрдэнэчимэгийн Даваачимэг (Хилчин) - Бат-Очирын Болортуяа (Женко) 2:0 (11:1, 10:0)
ОУХМ Э.Даваачимэг Францын нийслэлийг зорих эрхээ авлаа. Тэрбээр халз барилдаанд “Mongolia Open” ОУТ болон УАШТ-ий хошой хүрэл медальт “Женко”-гийн Б.Болортуяаг хоёр барилдаанд 11:1, 10:0-ээр цэвэр ялсан юм.
58 КГ:
Энхбатын Гантуяа (Хилчин) - Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс) 0:2 (4:5, 2:4)
ОУХМ А.Батцэцэг энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-д доод жиндээ мөнгөн медаль хүртсэн билээ. Харин дөрөвдүгээр сарын сүүлээр “Монголиа Опен”-д энэ жинд түрүүлснээр хоёр өөр жинд чансааны эхний тавд бичигдсэн. Харин тэрбээр сонгон шалгаруулах тэмцээнд 58 кг-ыг сонгосон нь буруудсангүй. А.Батцэцэг халз барилдаанд ОУХМ Э.Гантуяаг 5:4, 4:2-оор ялснаар хоёр дахь удаагаа дэлхийн аваргад зодоглоно.
60 КГ:
Баатаржавын Шоовдор (Хилчин) -Зоригтын Болортунгалаг (Хилчин) 2:0 (3:1, 5:2)
ОУХМ Б.Шоовдор сүүлийн гурван жил дараалан ДАШТ-д зодоглохоор боллоо. Тэрбээр халз барилдаанд өнгөрсөн жилийн Азийн АШТ болон оюутны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ З.Болортунгалагийг 3:1, 5:2-оор илүүрхсэн юм.
63 КГ:
Пүрэвдоржийн Орхон (Алдар) - Соронзонболдын Батцэцэг (Хилчин) 2:0 (10:0, 10:0)
ОУХМ П.Орхон энэ жил гавьяат тамирчин С.Батцэцэгтэй дөрөв таарч, бүгдэд нь илт давуу ялснаар ДАШТ-д анх удаа зодоглохоор боллоо.
Эх сурвалж: МЧБХ