Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд энэ сарын 10, 11-нд саналаа өгч байна.
Өнөөдөр 14 цагийн байдлаар /Улаанбаатарын цагаар / Салбар комиссуудаас авсан мэдээллээр саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7209 сонгогчоос 3217 сонгогч буюу 44.6 хувь нь саналаа өгөөд байна.
Цагийн зөрүүний улмаас АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комиссын санал авах ажиллагаа хамгийн сүүлд буюу зургадугаар сарын 12-ны өдрийн 13 цагт дууссанаар энэ удаагийн хилийн чанад дахь санал авах ажиллагаа дуусах юм.
Facebook, twitter зэрэг мэдээллийн олон нийтийн сүлжээгээр тодорхой нэг нэр дэвшигчийг ийм, тийм улсад ялалт байгуулсан мэт олон нийтэд буруу ойлголт өгөх мэдээлэл гарч байна. Сонгуулийн тухай хуулийн 98 дугаар зүйлд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо гадаадад саналаа өгсөн иргэдийн саналыг тоолох ажиллагааг өөрийн байрандаа 2017 оны зургадугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагт хийж эхлэх юм. Иймд энэхүү мэдээлэл нь хууль зүйн үндэслэлгүй, буруу мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Гадаад улсад суугаа Монгол Улсын иргэдээс сонгуулийн санал
авах ажлыг зохион байгуулах Төв комисс