Дундаж цалин 959.1 мянган төгрөг болж нэмэгджээ

Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлж байна.
 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны эхний улиралд нийт 37.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 566.7 мянган ажиллагчид хамрагджээ. Эдгээр ажиллагчдын
 

  • 44.6 мянга буюу 7.9 хувь нь 240.0 мянган төгрөг хүртэлх цалинтай,
  • 30.7 мянга буюу 5.4 хувь нь 240.0-300.0 мянган төгрөгийн цалинтай,
  • 99.2 мянга буюу 17.5 хувь нь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай,
  • 218.0 мянга буюу 38.5% хувь нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай,
  • 86.4 мянга буюу 15.2% хувь нь 900.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай,
  • 21.1 мянга буюу 3.7% хувь нь 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай,
  • 66.7 мянга 11.8 хувь нь 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай байна.
 

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид өмнөх улирлаас 6.2 мянгаар, 500.0-700.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.0 мянгаар, 1500.0 мянган төгрөг, үүнээс дээш цалинтай ажиллагчид 6.1 мянгаар нэмэгджээ.
 
Харин 192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид өмнөх улирлаас 4.7 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.5 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 11.1 мянгаар, 1100.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 5.6 мянгаар, 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.4 мянгаар буурчээ.
 
Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2481.2 мянган төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 600.6 мянган төгрөг байна.
 
Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд энэ оны эхний улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1243.7 мянган төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 495.4 мянган төгрөг буюу хамгийн бага байна.
 
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин эхний улирлын байдлаар 959.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 87.7 (10.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 16.2 (1.7%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
 
Нэг ажилтанд ногдох дундаж цалин өсөхөд олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин 142.4 мянган төгрөг, тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарынх 116.9 мянган төгрөг, барилгын салбарынх 119.0  мянган төгрөг, боловсруулах үйлдвэрлэлийн салбарынх 197.1 мянган төгрөг, уул уурхай, олборлолтын салбарынх 519.3 мянган төгрөг, мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарын цалин 310.9 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Б.Орхон


 

Бусдад түгээх
  • gplus