Долоо хоногийн тойм

Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
 

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЭЛЛЭЭ /06.06/


 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнгөрөгч мягмар гарагт албан ёсоор эхлэв. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль энэ сарын 26-нд болох бөгөөд хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа 25-ны өдрийн 00:00 цагт дуусна.
 

АВЛИГА АВСАН ГААЛИЙН БАЙЦААГЧ НАРТ  ЯЛ ОНООЛОО /06.07/


 
Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь гаалийн газрын нэр бүхий 36 байцаагчын авлигын хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч лхагва гарагт хэлэлцэж,  шийдвэрээ гаргасан. Шүүгчдийн зүгээс тэдэнд 1-6 жилийн хорих ял оноосон юм. Тодруулбал,

1. Гаалийн байцаагч Б.Ө-д ЭХТА-ийн 268.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан,
2. Гаалийн байцаагч Б.Ц-д нэмж нэгтгэн 3 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж 6 жил 6 сарын хорих ялаар, /ЭХТА 268.2,269.1/
3. Гаалийн байцаагч Т.М-д 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жил 6 сарын хорих ял ЭХТА268.2/
4. Гаалийн байцаагч И.Н-т 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жилийн хорих ялаар,/ЭХТА 268,2/
5. Гаалийн байцаагч М.Э-д 1 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ял /ЭХТА 268.2/
6. Гаалийн байцаагч Б.О-т нэмж нэгтгэн 3 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж, гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жил хасаж 6 жил 6 сарын хорих ял /ЭХТА 268.2, 263.2/
7. Гаалийн байцаагч Н.Б-д 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ял /ЭХТА268.2/
8. Гаалийн байцаагч Д.Н-т гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 1 жил хасаж 2 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /ЭХТА263.2/ 6 хүнд ЭХЕА 551-д заасныг журамлан 3 ,5-3,7 жилийн хорих ял оногдуулсан /ЭХТА269.2/ 19 хүнд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан/ 1 хүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хойшлуулж шийдвэрлэсэн.
 

“ШӨНИЙН ГЭРЭЛТ ГУДАМЖ”-ТАЙ БОЛОВ /06.08/


 
Циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх нийслэлийн шөнийн гудамжны нээлт өнгөрөгч пүрэв гарагт боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал,  бизнесийн төв болгох зорилтыг тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон ийнхүү тохижуулжээ.
 

“ПРИУС”-ЫН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ИРЭХ САРЫН 1-ИЙГ ХҮРТЭЛ ТЭГЛЭВ /06.09/



Засгийн газраас хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хэмжээг ирэх сарын 01-ний өдрийг хүртэл “0” хувиар, ирэх сарын 01-нээс өдрөөс эхлэн 50 хувиар тогтоов.  Засгийн газрын уг тогтоолтой холбогдуулан өнгөрсөн сарын 01-ээс энэ сарын 9 хүртэлх хугацаанд Монгол Улсад оруулж ирсэн дээрх төрлийн автомашинуудад ногдуулсан Онцгой албан татварыг буцаан олгохоор болов. Энэ хугацаанд 375 ширхэг хос болон цахилгаан тэжээлт, мөн хийгээр ажилладаг автомашинуудыг Монгол Улсын хилээр оруулж ирсэн бөгөөд 691 сая төгрөгийн онцгой албан татвар төлсөн байна.
 

БСШУС-ЫН САЙДААР Г.ЧУЛУУНБААТАРЫГ ТОМИЛЛОО /06.09/

 


УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар БСШУС-ын сайдаар академич Г.Чулуунбаатарыг 94.2 хувийн саналаар томиллоо. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайдад академич Г.Чулуунбаатарын нэрийг өргөн барьсан юм.

Тэрбээр ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатаас тамгаа хүлээн авсныхаа дараа “Миний ажил асуудлыг оношлохоос эхэлнэ. Өөрөөр хэлбэл, БСШУСЯ-ны дотор болон гадна өрнөж буй үйл явдал, алдаа дутагдал, болохгүй байгаа асуудал юунаас эхтэй вэ гэдгийг оношлохоос эхэлнэ. Гэхдээ зөв оношлох хэрэгтэй. Түүний дараа хариуцлагын асуудал яригдана.

Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил ажилласан хүний хувьд би энэ салбарыг гадарлана. Гэхдээ багш, судлаач байх нь төрийн бодлогыг хэрэгжүүлэхээс ялгаатай ажил юм. Тиймээс баг, хамт олныхоо тусламж, дэмжлэгтэйгээр сайн ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээв.
 

Товчхон

 
  • 116 сургуулийн захирал, удирдлагууд сурагчдыг доромжилсон, үзэл бодлыг нь сонсдоггүй, зарим багшийн  ур чадвар муу зэрэг үндэслэлээр тус сургуулийн сурагчид хичээл хаялт зарласан. Үүнтэй холбогдуулан БСШУСЯ-аас тус сургуулийн сурагчдын гомдол үндэслэлтэй эсэхийг тогтоох Ажлын хэсэг байгуулж, ажилд нь оруулан, дүгнэлтээ Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг даалгалаа.
  • УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнээр Н.Чинбатыг томилохыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дэмжив. Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний хуралдаанаар Н.Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлсэн юм.
  • Хөдөлмөрийн Үндэсний намын шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнгөрөгч пүрэв гарагт хэлэлцэв. ХҮН-ын Төв хорооны хурлын  тогтоолоор намын даргаар Б.Найдалааг сонгосныг бүртгүүлэх хүсэлтээ тус намаас ирүүлснийг Дээд шүүх хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.
Г.Зул
 
Бусдад түгээх
  • gplus