Төмөр зам болон агаарын тээврийн орлого өсчээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс харахад энэ оны эхний таван сард төмөр замын тээврээр 8.4 сая тонн ачаа, давхардсан тоогоор 1 047.1 мянган хүн тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 943.9 мянган тонноор өсч, зорчигчид 15.8 мянгаар буурсан үзүүлэлт юм. Харин өмнөх сараас тээсэн ачаа 90.3 мянган тонноор өсч, зорчигчид 1.3 мянган хүнээр буурчээ.

Төмөр замаар нийт тээсэн ачаанд дотоодын ачаа 42.2 хувь, экспортын ачаа 35.2 хувь, импортынх 9.4 хувь, дамжин өнгөрсөн ачааных 13.2 хувийг эзэлж байна.

Төмөр замын тээврийн салбарын орлого 195.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 40.1 тэрбум төгрөгөөр өсчээ. Энэхүү өсөлтөд төмрийн хүдрийн экспорт болон нефтийн бүтээгдэхүүний дамжин өнгөрөх тээвэрлэлт өссөн нь нөлөөлсөн байна.

Агаарын тээврээр энэ эхний таван сард 1 117.7 тонн ачаа, давхардсан тоогоор 261.8 мянган хүн тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 23.4  тонноор буурч, зорчигчид 40.9 мянган хүнээр өссөн үзүүлэлт юм. Харин өмнөх сараас тээсэн ачаа 2.9 тонноор буурч, зорчигчид 8.9 мянган хүнээр өсчээ.

Агаарын тээврээр дотоодод зорчигчид 109.2 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 32.6 мянга, олон улсад зорчигчид 152.7 мянга болж, 8.4  мянган хүнээр өсчээ.

Агаарын тээврийн салбарын орлого 104.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 15.5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин тавдугаар сард 25.4 тэрбум төгрөг болж өмнөх сараас 3.5 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 6.4  тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.
 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus