Аялагчдын заавал үзэх ёстой Монгол орны үзэсгэлэнт газрууд - 2

Монгол Улс аялахад хамгийн тохиромжтой 10 орны нэгээр нэрлэгджээ. Өргөн уудам нутаг, үзэсгэлэнт байгаль, аж амьдрал, зан заншил үүнд нөлөөлсөн нь гарцаагүй биз. Тэгвэл аялагчиддаа зориулан Монголын үзэсгэлэнт газруудыг цувралаар хүргэж байна.


ДУНДГОВЬ АЙМГИЙН ИХ ГАЗРЫН ЧУЛУУ



Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутагт орших Их газрын чулуун уул. Энэ бол Монголын хамгийн том боржин чулуун бүс юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоц нь аялагч таныг татах нь гарцаагүй. Их газрын чулуун уулнаас нар жаргахыг хараарай гэж зөвлөе.
 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УЛААН ЦУТГАЛАН




 

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалан хүрхрээ нь зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. Өвөрхангай аймгийн Орхон голын баруун биед  цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ. Орхон гол нь Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг.

 

БУЛГАН АЙМГИЙН УРАН ТОГОО УУЛ

 


 

Уран тогоо уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун тийш 80 км-т Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт уул юм. Далайн төвшнөөс дээш 1686 м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600 м өргөн, гүн нь 50-60 м юм. Тогоондоо 20 м орчим голчтой, 1.5м-ийн гүнтэй дугуй хэлбэрийн нуруутай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлэн байдаг.
 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТУЖИЙН НАРС - МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОРТ ГАЗАР



 

Тужийн нарс хэмээх байгалийн цогцолбор газар нь  Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт байдаг.  Тужийн нарс нь байгалийн зүй тогтоцын хувьд өвөрмөц бөгөөд Сибирийн их тайгын зүүн өмнөд төгсгөл, Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжлэл болдог.
 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХҮЙСИЙН НАЙМАН НУУР- МОНГОЛ УЛСЫН ДУРСГАЛТ ГАЗАР




 

Өвөрхангай аймгийн Уянга сумаас баруун хойд, зүгт 45 км зайд, үзэсгэлэнт Хангайн нурууны дунд галт уулын дэлбэрэлт, суултын дунд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт орших гайхамшигт сайхан найман нуур бий. Эдгээр нууруудыг Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Дөрөө, Онон, Хүйс, Баян-Уул гэх бөгөөд далайн төвшнөөс дээш 2700-3165 метр өндөр өргөгдсөн байдаг. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 км хүртэл зайтай оршдгоос хамгийн том нь Ширээт нуур юм.
 

ЗАВХАН АЙМГИЙН ХАР НУУР



 

Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд оршдог тунгалаг цэвэр устай Улаагчны хар Нуур нь далай мэт элсээр хүрээлэгдсэн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газруудыг нэг юм.Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчмын шанаанууд зэгстэй жаахан нуур Товхошийн сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг. Гүн нь 48 м, уртаашаа 30 орчим км, өргөн нь 5-10 км сунаж тогтсон нуур юм. Нуур нь хойд талаараа элсээр хүрээлэгдсэн Хангайн сувд гэгддэг нуур. Урд талаараа Товхош, Намаржаа, Хар хад гэсэн өндөр уулсаар хүрээлэгдсэн. Энд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг.

Мөн нуурын дээгүүр шунх хэмээх цэцэг ургаж гарч ирсэн нь үзэсгэлэнтэй харагдуулдаг ажээ.
 

ХАМАРЫН ХИЙД
 



 

Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 км-т байдаг. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамарын хийдийг байгуулжээ. Тус хийд нь одоогоор 10 гаруй ламтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Эх сурвалж: mne.mn

Бусдад түгээх
  • gplus