“Приус”-ын онцгой албан татварыг тэглэж, татварыг буцаан олгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хэмжээг ирэх сарын 01-ний өдрийг хүртэл “0” хувиар, ирэх сарын 01-нээс өдрөөс эхлэн 50 хувиар тогтоолоо.  Засгийн газрын уг тогтоолыг өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Дээрх төрлийн автомашинуудад манай улсад хамгийн их эрэлттэй байдаг “Приус” зэрэг цахилгаан болон хос тэжээлт автомашинууд багтаж байгаа юм.

Засгийн газрын уг тогтоолтой холбогдуулан өнгөрсөн сарын 01-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад оруулж ирсэн дээрх төрлийн автомашинуудад ногдуулсан Онцгой албан татварыг буцаан олгохоор болов. Энэ хугацаанд 375 ширхэг хос болон цахилгаан тэжээлт, мөн хийгээр ажилладаг автомашинуудыг Монгол Улсын хилээр оруулж ирсэн бөгөөд 691 сая төгрөгийн онцгой албан татвар төлсөн байна.

Уг тогтоолын хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харитлцах хэлтсээс мэдээлэв.   

Бусдад түгээх
  • gplus