Богд ууланд аялахыг түр хугацаагаар хориглолоо
Богдхан уул, Баруун ширээт уулыг тойроод өнөөдрийн байдлаар таван газарт түймэр асаж байгаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа Богд уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга н.Ганзоригийн өгч буй мэдээллээр дээрх түймэр аяллын зам дагуу гарчээ. Хоёр түймэр нь өчигдөр гарсан бол өнөөдөр нэмж гурван түймэр ассан байна. Богдхан уул руу аялж байгаа иргэд гал алдсанаас байгальд их хэмжээний хохирол учруулж байна гэдгийг тодотголоо.

Гал алдсан иргэдийг тогтоохоор цагдаагийн байгууллагынхан ажиллаж байгаа бол түймрийг унтраахаар Онцгой байдал, Богд уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа юм. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Зайсанд амьдардаг иргэд түймрийг унтраахад хүч нэмж, санаачилгаагаараа ажиллаж байна.

Үүссэн нөхцөлд байдалтай холбогдуулж, Богдхан ууланд иргэд аялж зугаалахыг түр хугацаагаар хоригложээ. Түймрийг унтрааж аюулгүй болгох, мөн бороо орж, хуурайшилт зогсох хүртэл хориг үйлчлэх юм байна.

Сүүлийн жилүүдэд нийслэлчүүд амралтын өдрөөрөө гэр бүл, найз нөхдөөрөө Богдхан уул руу олноороо аялах болсон. Гэвч татаж байсан тамхины ишээ бүрэн унтраалгүй ойд хаях, мах шарж идэх зэргээр гал асаадаг, эцэст нь гал алддагаас болж, байгаль орчинд асар их хэмжээний хохирол учруулах болсон тул хориг тавигдсаны дараа ч галын аюулгүй байдлыг өндөр хэмжээнд хангаж аялах ёстойг албаныхан анхаарууллаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus