Прокурорын тухай хуулийг батлав
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ж.Энхбаяр нар асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив.

Тухайлбал, төслийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийг “Гэмт хэргийг мөрдөхөд саад учруулахаар, эсхүл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар бол уг хүнийг шилжүүлэн өгч болно.” гэж өөрчлөн найруулах, төслийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсгийн “30 хоногийн” гэснийг “1 сарын” гэж өөрчилж, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийн “Монгол Улсын Их Хурал” гэсний дараа “/цаашид “Улсын Их Хурал” гэх/ гэж нэмэхээр тогтлоо.

Ингээд Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.9 хувь нь дэмжиж баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийг эцэслэн батлав.

П.Гоо
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus