Хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 60 хувьд хүргэнэ

НИТХ-ийн Тэргүүлэгчдийн тогтоолоор “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийг баталсан. Дэд хөтөлбөрийн төслийг нийслэлийн Засаг даргын захирамжаар 9 дүүргийн Засаг дарга, харьяа байгууллага, агентлагуудын дарга нараас бүрдсэн ажлын хэсгийн 2 удаагийн хурлаар авч хэлэлцсэн бөгөөд олон нийт, хувиараа бизнес эрхлэгч, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, нийслэлийн холбогдох харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагуудын саналыг тусган боловсруулав.

Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаанд суурилсан хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэн хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээг үйлчлүүлэгчдэд хүргэх таатай орчин бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан цогц, хүртээмжтэй, нээлттэйгээр иргэдэд хүргэх юм. Дэд хөтөлбөрт тусгасан 4 зорилт, 27 үйл ажиллагааг хэрэгжүүлж, өрх бүрийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 60 хувьд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

Дэд хөтөлбөрийн зорилт:
 

  1. Өрхийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаанд суурилсан өрхийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх
  2. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” байгуулж хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний цогц арга хэмжээг нэг цэгээс үзүүлэх
  3. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин шинээр ажлын байр бий болгох, албан бус эдийн засгийн салбарт хөдөлмөр эрхлэгчдийг дэмжин зохистой ажлын байр бий болгох
  4. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран байнгын болон түр цагийн ажлын байр бий болгох
 

Хөтөлбөрийн нэгдүгээр зорилтын хүрээнд нийслэлийн өрхийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг тодорхойлох судалгааг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран дөрөвдүгээр сарын 14-24-ний өдрүүдэд зохион байгуулж, 244,369 өрхийн судалгааны дүнг нэгтгэн гаргаад байна. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас зохион байгуулсан “Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшин тогтоох” судалгааны үр дүнтэй тулгаж, өрхийн хөдөлмөр эрхлэлтийг тодорхойлох судалгааны нэгдсэн тайлан, мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар гаргах юм.

Мөн хөтөлбөрийн хүрээнд:
 

  • Монгол Улсын MNS 6620:2016 стандартын баримтлан орчин үеийн дэвшилтэт технологи, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн тохижуулсан “Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих төв” байгуулж, хөдөлмөр эрхлэлтийн дэмжих үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд нэг цэгээс үзүүлэх,
  • Нийслэлийн хэмжээнд энэ оноос эхлэн хэрэгжих томоохон үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын хүрээнд шинээр бий болох ажлын байрны судалгаа, мэдээллийн сан бүрдүүлж, шаардагдах ажиллах хүчний үе шаттайгаар бэлтгэх, нийлүүлэх,
  • Бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг томоохон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
 

Нийслэлийн хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөрийн зах зээл дэх тэгш оролцоог хангаж, төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан ажил олгогчийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажлын байр нэмэгдүүлж, зохистой хөдөлмөр эрхлэлтийг төлөвшүүлэхэд энэхүү дэд хөтөлбөрийн үр дүн чиглэнэ гэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus