Ж.Энхбаяр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага генералаар юу хийх юм бэ
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага маань хууль сахиулах байгууллага уу, цэргийн байгууллага уу? Гарчигийг нь үзэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль сахиулах талын юм байна. Дотроо цэргийн албаны эрх зүйгээр зохицуулж байгаа, тусдаа бие даасан цол тэмдэгтэй. Үнэхээр хууль сахиулах байгууллага бол байгуулсан шиг байгуулаад хөгжлийн чиг хандлагыг зөв гаргаж өгөх ёстой. Гэтэл өнөөдөр энэ бол цэргийн байгууллага ч биш хууль сахиулах байгууллага ч биш удирдлага нь цэргийн дээд генерал цол авна гэсэн утгатай. Хууль зүй, дотоод хэргийн яам ямар бодлогоор оруулж ирээд байгааг ойлгохгүй байна" гэсэн асуултад хариулт авсан юм.

Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Эцсийн хэлэлцүүлэг явж байгаа. Анхны хэлэлцүүлэг, хэлэлэцэх эсэх яригдаж байхад асуудлыг тавих боломж байсан. Асууж байгаа учраас хариулъя. Хууль сахиулах байгууллага. Цэргийн цол өгөхгүй гээд хууль сахиулах цол, цагдаагийн цол оруулаад ирэхээр шүүмжлэл дагуулаад байдаг. Тиймээс өнөөдөр байгаа боломж, нийгмийн сэтгэл зүйд тохируулаад оруулж ирсэн. Хийхээр хэцүү, хийгүй байхаар хэцүү нөхцөл байдал дунд бид ажиллаж байна” гэсэн тайлбар өглөө.

Харин Ж.Энхбаяр гишүүний зүгээс “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага генералаар юу хийх юм бэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулийн байгууллага. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дөрвөн генералтай байгаад яах юм. Засгийн газар төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуулийн байгууллага ч биш, цэргийн байгууллага ч биш” гэдгийг нэмж хэллээ.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus