Төр тогтворжин, төгрөг чангарч, амьдрал сайжрах нь чухал

Ерөнхийлөгчийн сонгуу­лийн суртал­чилгааны “тоо­­луур гүйж” эхлээд тун удаагүй байна. Энэ яа­хав, хугацаатай юм чинь хорвоогийн нар арав га­руйхан удаа мандаж, жар­гахын цагт л “зогсч” таарна. Харин тэр үед өөрсдийн нэг өдрийн “хаанчлал”-аа хэр ашиглаж, аль намаас нэрийг нь дэвшүүлсэн хэн гэдэг Ерөнхийлөгчтэй болсон байх талаар энэ цөөхөн хоногт сайтар тунгааж, сонголтоо зөв хийх нь бидний үүрэг юм. Ерөнхийлөгчийн сонгууль хэдийгээр улс төрийн үйл явц боловч цаад утгаараа улс орны эдийн засаг, хөгжил дэвшилд томоохон нөлөө үзүүлэх ач холбогдол бүхий, Монгол Улсын насанд хүрсэн хүн бүрийн ухамсар, мэдлэг мэдээлэл, нарийн ухааны царааг харуулах нийгмийн чанартай томоохон ажил байдаг. Тийм ч учраас Ерөн­хийлөгчийн сонгуульд Мон­гол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энх­болд “Төр тогтвортой бол түмэн олон амгалан, төгрөг ч тогтвортой болдог. Төгрөг нь тогтворжихоор түмний амьдрал сайжирдаг. Энгийн бөгөөд гарцаагүй үнэн бол энэ” гэж сонгуулийн сурталчилгааныхаа нээлт дээр хэлсэн. Үүнийг хамгийн энгийн бөгөөд дэндүү ойл­гомжтой логик гэж ойл­гож болно.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль улс орны эдийн засгийн хувьд маш ээдрээтэй цаг үед тохиож байгаагаараа онцлог. Учир нь, аргагүй нөхцөл байдлын улмаас бид ОУВС-д хандсанаар “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж, 5.5 тэрбум ам.долларын зээл авах тохиролцоонд хүрч, түрүүч нь манайд ороод ирчихсэн байгаа. Энэ нь УИХ-ын өнгөрсөн сонгуульд Монгол Ардын Нам үнэмлэхүй ялалт байгуулж, өмнөх Засгийн газар, эрх баригчдын тарьсан балгийг арилгаж, даван туулахын төлөө эрс шийдмэг ажиллаж байгаа өнөөгийн парламент, Засгийн газрын танхимд олон улс итгэл найдвар хүлээлгэж байгаа хэрэг. Үүнийг цаашид үр дүнтэй үргэлжлүүлж, богино хугацаанд улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдралыг өөд татахад “толгойны өвчин”, “ажлын садаа” болоод байхааргүй Ерөнхийлөгчтэй болох нь маш чухал. “Энэ шалгуурт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миегомбын Энхболд ямар ч асуудалгүй тэнцэнэ” хэмээн олон нийт үзэж, үнэлж байгааг сонгогч түмэнтэй хийж буй уулзалтын явцаас харж болохоор байна. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэг гар /Монгол Ардын Нам/-т төвлөрөх нь болсон болоогүй хэрүүл шуугиан, нам дагасан талцал хуваагдлаас ангид байж, тулгын гурван чулуу шиг тогоотой цайгаа  халгиаж, галын дөл өөдөө байхын бэлгэ ерөөл орших буй заа хэмээн итгэж байна.

Түүний дээр эдийн засгаа “хэвтрийн дэглэм”-ээс “энгийн тасаг”-т богино хугацаанд шилжүүлж чадсан ололтоо бататгаж, Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын мөрийн хөтөлбөртөө тусгасан эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг ойрын хугацаанд эрс сайжруулах тогтвортой бодлогыг УИХ, Засгийн газартайгаа хамтраад хэрэгжүүлж эхэлбэл эдийн засгийн нааштай өөрчлөлтүүд маань “ногоон гэрэл” асаагаад зогсохгүй, тун удахгүй “хурдны зам” дээр гарах цаг ойрхон болно.
 


 

Ерөнхийлөгчийн  сонгуульд АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга уг нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн болон Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа Сайншандад аж үйлдвэрийн парк, “Шинэ сумын төв” хөтөлбөр, бас төмөр зам барьж босгочих гэж их үзсэн юм билээ, өөрийнх нь хэлснээр. Даанч гаднаас бүрэн хамааралтай улстөр-бизнесийн бүлэглэл гацааж гутаагаад хийлгээгүй юм байх. Тэгэхээр нь нэгэнт шийдчихсэн багагүй хөрөнгөөр нь “наадчихсан” юмдаг уу даа. Түүнийгээ цайруулах гэж Ерөнхийлөгчийн сон­гуульд өрсөлдөхдөө “Монгол ялна” гэсэн сүржин мөртлөө үл ойлгогдох уриа дэвшүүлээд сурталчилгаагаа эхлэв. Тэрбээр хэнтэй дайтаж, хэнийг ялчихаар ямар монгол баярлах гээд байгаа юм бол. Эсвэл “АН ялна” гэх гэсэн байхаа даа. Бас “Өвчилсөн төрийн үнэн дүр төрхийг эмчлэх цаг болсон” ч гэх шиг. Түүний нам цөөнх болчихоор, ард түмэн тэдэнд үнэн бодит дүнг нь тавиад “гудамж”-д гаргачихаар, өрсөлдөгч нам нь  дэндүү олон суудал авчихаар, өнөөгийн эрх баригчид АН-ын Засгийн газрын тавьсан өр, зээлсэн мөнгийг төлөх гэж чардайж ажиллахаар л тэр нь  муухай харагдаж, “төр нь өвчилчихдөг” байж болохгүй биз дээ. Цаашилбал, мөрийн хөтөлбөртөө “нөгөөх ажил”-аа үргэлжлүүлж, ган, зэс хайлуулах болон нефть боловсруулах үйлдвэр бүхий аж үйлдвэрийн парк байгуулж, түүнд дөрөөлөн хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж тусгасан байна билээ. Мөрөөдөл биелэх цаг байхыг хэн байг гэхэв. Гэхдээ мөрөөдлөөр жигүүрлэх, түүндээ хүрэхийн тулд бусадтай найрсаг сайхан харилцаатай, “нүүр хийх газартай”, “ичих булчирхайтай” байх гээд олон нөхцөл, бас итгэл даах чадвартай байх ёстой юм.
 


 

МАХН-ын  ганц лидерийн орон дээр нь завилж суусан “босоо” С.Ганбаатар “Надад гарц байна аа” л гээд байгаа. Чухам ямар гарц яриад байгаа нь тодорхойгүй ч уламжлалт хөдөө аж ахуйгаа эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхээ мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. Газар дээрээ хэд ч хувирч мэдэх “галт үнэг” шиг энэ нөхөр 60 сая малынхаа тэн хагасыг экспортлох ч юм уу Монголдоо тариалан эрхлэхээ больж, дотоодын гурил, улаанбуудайн хэрэгцээгээ импортоор хангахаар төлөвлөж түүнийгээ “гарц байна” гэж хэлсэн ч байж магадгүй. Учир нь, түүний мөрийн хөтөлбөрийн бас нэг гол санаа нь монгол хүн газар  шороондоо эзэн байх тухайд чиглэсэн байгаа юм.

УИХ-д суудалтай улс төрийн намуу­даас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн эрхмүүдийн мөрийн хөтөлбөр доторх эдийн засгийн хөгжил, хэтийн төлөвийн талаарх заалтуудыг тоймловол нэг иймэрхүү дүр төрх харагдана. Дээрх мөрийн хөтөлбөр, амлалт, цаад хүний мөн чанар, боловсрол мэдлэг, ажил амьдралын туршлага зэргийг сайтар харж, гурав тунгааж, нэг шийдсэн сонголт тань мэргэн байг. Жирийн иргэн сонгогч бидний хувьд төр, төгрөг тогтвортой байж, амьдрал маань өөдлөн дэвжиж сайжрах нь л чухал шүү дээ.

Д.Мөнхжаргал

Бусдад түгээх
  • gplus