“ТОСК–999” төслийн эхний ээлжийн орон сууцны барилгын шавыг тавилаа

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх “ТОСК-999” төслийн нээлт буюу барилгын шав тавих ажиллагаа өнөөдөр боллоо.  Шав тавих үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон бусад албаныхан, инженер техникийн ажилтнууд оролцов.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийг орон сууцжуулах хөтөлбөрийг анх 2005 онд эхлүүлсэн. Дараа нь 2012 онд дахин төлөвлөлт нэртэйгээр үргэлжилсэн. Нийслэлийн шинэ удирдлагууд ажлаа аваад гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг шинэ шатад гаргахаар ажиллаж байна. Тодруулбал, өмнө нь гарсан алдаа дутагдлыг давтахгүйгээр ялангуяа иргэдийг удаан хугацаагаар гэр оронгүй явуулах, амьдрах орчин нөхцөлийг нь хүндрүүлэх алдааг давтахгүйгээр дахин шинэ журам, шинэ хөтөлбөр боловсруулж байгаа. Ирэх долоо хоногт НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн орон сууцны шинэ дэд хөтөлбөрийг хэлэлцэнэ.  Өнөөдрийн шав тавьж байгаа энэ газар бол миний сонгогдсон тойрог. Нэг жилийн өмнө сонгуулийн үеэр бид иргэдтэй уулзах үед 2013 оноос хойш яригдсан дахин төлөвлөлтийн асуудлыг эрчимжүүлхийг хүсч байсан. Энэ дагуу Төрийн орон сууцны корпорацитай хамтраад өнөөдөр тойрогтоо эхний ээлжид 13 блок, 212 айлын орон сууцны барилгын ажлын шавыг тавилаа” хэмээв.

“Тоск-999” төслийн эхний ээлжийн орон сууцны барилгыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан 4.9 га газарт эхлүүлэх бөгөөд нийт 848 айлын 50 блок, 4-5 давхар бүрэн цутгамал орон сууцны хотхон баригдах юм.  Тус орон сууцны хотхоны барилга угсралтын гүйцэтгэгчээр “Жи Ди констракшн” ХХК ажиллаж байна. Мөн энэ үеэр Улаанбаатар хотын хөрсний болон агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд уг төсөл нь өөрийн хувь нэмрээ оруулна гэдгийг албаныхан хэлж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus