Замын цагдаа нар бичиг баримт хураан авахдаа тэмдэглэл хийдэггүй зөрчил илэрчээ

Төв Аймгийн Прокурорын газраас хоёрдугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа холбогдох хууль, тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэхийг Аймгийн прокурорын баталсан удирдамжийн дагуу шалгажээ.

Шалгалтаар 2017 оны гуравдугаар сард замын цагдаагийн тасгийн зохицуулагч нарын захиргааны арга хэмжээ авсан 61 материалыг хянасан байна. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч нар нь захиргааны зөрчлийг Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хугацаанд шалгадаггүй, Зөрчлийн тухай тэмдэглэлийг хуульд заасан шаардлагын дагуу үйлддэггүй, эд зүйл баримт бичгийг түр хураан авахдаа тэмдэглэл үйлддэггүй, хураан авсан баримт бичгийг хэрхэн шийдвэрлсэнээ шийтгэвэрт тусгадаггүй, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн зүйл заалт, жолоодох эрх хасах хугацааг зөв бичдэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Шалгалтын явцад 27 шийтгэврийг өөрчилж, нэг шийтгэврийг хүчингүй болгож, илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулахаар тус аймаг дахь Цагдаагийн газарт прокурорын шаардлага хүргүүлжээ.

Б.Сансар
Olloo.mn

 
Бусдад түгээх
  • gplus