“Мазаалай цом-2017” маргааш эхэлнэ
Дэлхийд нэн ховордоод буй Мазаалай хамгаалах ажилд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилготой "Мазаалай цом 2017" тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тодруулбал, Монголын бартаат замын авто спортын холбооны цомын аварга шалгаруулах " Мазаалай цом 2017" бартаат замын тэмцээн энэ сарын 3, 4-ны 09:00 цагт Морингийн даваанд зохион байгуулагдах юм.

Тус тэмцээн:

·Сонирхогчийн ангилал буюу ТR1
· Мэргэжлийн ангилал буюу ТR3
· Truck ангилал буюу Том оврын автомашин 4x4, 6x6
· UTV ангилал гэсэн 4 ангиллаар зохиогдоно.

Тэмцээний эхний өдөр сонирхогчийн ангилал болон utv ангилал Тэмцээний хоёр дахь өдөр Мэргэжлийн ангилал болон Truck ангилал уралдах юм. Хамтран зохион байгуулагчаар “Зөв Монгол Ирээдүй” ТББ, Цагдаагийн ерөнхий газар тус тус ажиллаж байна.

Өнгөрсөн жил “Мазаалай 2016” тэмцээний дараа зохион байгуулагчид гурван машин засварлаж хүлээлгэж өгөхийн зэрэгцээ Говийн Их Дархан Цаазат Газарт 100 гаруй тэмдэг тэмдэглэгээг хийсэн байна. Тодруулбал, Говь нутагт сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлт, ган гачгаас болж ургамлын гарц муудаж мазаалай баавгай тарга тэвээрэг авч амжихгүй байх, хавар ичээнээс эрт гарах, хоолгүйн улмаас үхэж үрэгддэг байна. Иймд 1985 оноос мазаалай баавгай амьдардаг газруудад тэжээлийн цэгүүд бий болгон хорголжин тэжээл,ус, мах тавьж өгөх болжээ. Одоогийн байдлаар 13 цэг дээр тэжээл тавьж өгдөг. "Говийн их дархан цаазат газар"-т уаз 469 , Landcruiser 77 , Фургон маркийн авто машинуудыг тэжээл зөөх, хамгаалах ажилд зориулан өгсөн. Үүнээс гурван автомашин үлдсэн бөгөөд эдгээр автомашинууд нь үүрэг гүйцэтгэх боломжгүй эвдрэлтэй зогсож байсныг засварлаж өгсөн байна.

Мөн Говийн Их Дархан Цаазат Газарт 100 гаруй тэмдэг тэмдэглэгээг хийсэн байна. Энэ жилийн “Мазаалай 2017” тэмцээний дараа зохион байгуулагчид мазаалай хамгаалах үйлсэд зориулсан ажиллагаа хийнэ. Тодруулбал энэ тэмцээний үзэгчдийн таксаас цугласан мөнгөөр говийн их дархан цаазат А хэсгийн хамгаалалтын бүсийн захиргаанд мотоцикль авч өгөх юм байна. Улмаар жил бүр тэмцээний дараа мазаалай хамгаалах үйлсэд зориулсан ажил хийх юм байна.

П.Гоо
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus