Телевизүүдийн холбооны мэтгэлцээнд оролцох хариултаа АН ирүүлээгүй байна

Монголын телевизүүдийн холбооноос санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дундах халз мэтгэлцээнийг зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, өмнөх сонгуулиудаар дан ганц МҮОНРТ-ээр явагддаг байсан уламжлалт мэтгэлцээнийг халж, энэ жил агаарын 16 суваг хамтран нэр дэвшигчдийн дунд халз мэтгэлцээн зохион байгуулахаар болсон байна.

Ингэхдээ мэтгэлцээнийг нэлээд өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал иргэдийг олноор нь хамруулахын тулд Соёлын төв өргөөнд тайз засан зохион байгуулах юм байна. Ингээд 16 суваг нэгэн зэрэг шууд дамжуулан Монгол орны өнцөг булан бүрт суугаа иргэдэд хүргэхээр болжээ. Сонгуулийн санал хураалт болтол нийт гурван удаагийн мэтгэлцээн зохион байгуулах аж. Хамгийн эхнийхийг энэ сарын 10-нд буюу маргааш, хоёр дахь мэтгэлцээнийг долоо хоногийн дараа буюу энэ сарын 17-нд зохион байгуулахаар болсон бол гурав дахь мэтгэлцээн нь санал хураалтын өмнөх өдөр МҮОНРТ-ээр шууд цацагдах юм байна. Түүнчлэн эхний мэтгэлцээнийг хууль эрхзүй, хоёр дахь мэтгэлцээнийг эдийн засаг гэсэн сэдвийн хүрээнд явуулах юм байна.

Мэтгэлцээнийг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаад бараг дууссан гэдгийг Монголын телевизүүдийн холбооныхон мэдэгдлээ. Намуудад нэр дэвшигчдийг мэтгэлцээнд оролцуулах урилгыг хүргүүлсэн бөгөөд одоогоор МАН, МАХН-ынхан урилгыг хүлээн авч, оролцоно гэдгээ хариу мэдэгдсэн байна. Харин Ардчилсан намаас хариу хараахан ирээгүй байгаа аж. АН саналыг хүлээн авч, мэтгэлцээнд оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр МТХ-ны ерөнхийлөгч Энхзул хэлж байсан юм. Мөн тэрбээр халз мэтгэлцээнийг олон улсын жишигт нийцүүлэн өндөр түвшинд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн мэтгэлцээний үеэр иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг хөтлөгчдийн бэлтгэсэн асуултаас илүүтэйгээр тавих аж. Өнөө оройноос эхлэн олон нийтийн цахим сүлжээгээр иргэдийн асуултыг авч, маргааш мэтгэлцээнээс өмнө нэгтгэж дуусах юм байна.

Дашрамд дуулгахад , мэтгэлцээнийг хөтлөн явуулах хөтлөгчдийг үзэгчдийн санал асуулгаар тодруулсан бөгөөд эдийн засагч Б.Жаргалсайхан, Монгол НD телевизийн сэтгүүлч Э.Лхагва, Форум нэвтрүүлгийн хөтлөгч Д.Энхбат нар хамгийн өндөр санал аван сонгогджээ. Тиймээс телевизүүдийн холбооноос дээрх хүмүүст санал тавихаар болсон байна.

Б.Сансар
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus