УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад академич Г.Чулуунбаатарыг томилуулах саналыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Манай байнгын хорооноос гарч ажилласан гурван ажлын хэсгийн тогтоол бэлэн болсон. Сургуулийн өмнөх насны бүх хүүхдүүдийг цэцэрлэг хамруулах, дунд сургуулийн хангамж, багш сурган хүмүүжүүлэгчдийн ёс зүйн асуудал, их дээд сургуулийн боловсролын тогтолцоо гээд таны өдөр тутам хийх ёстой ажилтай холбогдсон асуудал. Мөн таны анхаарал хандуулах ёстой асуудал бол дээд боловсролын тогтолцоо. Өнөөдөр малчны, цалингийн зээлүүдийн дийлэх нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхөд зориулж авсан байдаг билээ. 97 их дээд сургуулиас магадлан итгэмжлэлийн шаардлагыг 30 гаруй сургууль л байгаа юм билээ. Гэтэл магадлан итгэмжлэлийн шаардлага хангаагүй дээд сургуулиуд элсэлт авч байгаа нь гэмт хэрэг. Үүнийг зогсоох хэрэгтэй. Манайх их дээд, сургуулийнхаа тоогоор Гиннесийн номонд бичигдэхээр байгаа шүү. Ирэх гурван жилд та дээд боловсролын тогтолцоог өөрчлөх ёстой.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Эрдмийн хүн эрдмийн салбарт очиж байгаад баяртай байна. Манай төвийн дүүргүүдийн сургууль цэцэрлэгийн асуудал хүнд хэвээр байгаа. Төвийн дүүргүүдийн амьжиргаа, амьдралын төвшин гайгүй гэж орхигдох гээд байдаг. Энэ тал дээр анхаарал андуулаарай. Сурах бичгээр бизнес хийдэг үйл явцыг зогсоож өгөөрэй. Хэрэглэж амжаагүй байхад дараагийн сурах бичгийг хэвлэж байдаг. Үүнд онцгой анхаарч ажиллаарай. Монголын боловсролыг үнэлгээтэй болгоорой.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Юун түрүүн салбарынхаа нөхцөл байдлын үнэлгээг хийж хараасай гэж хүсэж байна. Хичээл сургууль амарсан ч Боловсролын салбарын мэргэжилтнүүдийг их сайн уяж ажиллаарай. Мөн дүрэмт хувцасны чанарт анхаарч ажиллаарай.
П.Гоо
olloo.mn