Зарим ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв
Санхүүгийн зохицуулах хороо өчигдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар “Бага хээр ҮЦК”, “Бумбат шигтгээ ҮЦК”, Догсон ҮЦК”, “Превалент ҮЦК”, “Сэлэнгэ түмэн ҮЦК”, “Финанс линк групп ҮЦК” “Говийн ноён нуруу ҮЦК”, “Би Би Эс Эс ҮЦК”, “Зюс капитал ҮЦК”, “Эм Даблью Ти Эс ҮЦК” үнэт цаасны ХХК-ууд, мөн даатгалын хохирол үнэлэгч “Капитал Эстимэйт” ХХК болон “Ханбогд Зайсан”, “Дамба инвест” хадгаламж, зээлийн хоршоодын тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлэв.

Үнэт цаасны компаниуд сүүлийн найман улиралд буюу хоёр жилийн хугацаанд ердөө 1-2 удаа тайлан өгсөн, ихэнх улиралд тайлан тэнцлээ ирүүлээгүй буюу үндсэн үйл ажиллагаагаа огт явуулахгүй байгаа юм. Даатгалын хохирол үнэлэгч компани тусгай зөвшөөрөл авснаасаа хойш буюу мөнхүү хоёр жилийн хугацаанд үндсэн үйл ажиллагаагаа явуулаагүй бол нэр бүхий хоёр хадгаламж, зээлийн хоршоо гурваас дээш улиралд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүй, Хорооноос явуулсан газар дээрх шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан, нийслэлийн хоршоодод хийсэн нэгдсэн үзлэг шалгалтанд хамрагдаагүй зэрэг олон зөрчил, дутагдал гаргажээ.

Мөн хуралдаанаар “Уран барилга” ХК-ийн хувьцааг тус компаний Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, хүсэлтийн дагуу нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлээс хаслаа. Анх 1973 онд “Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар” нэртэй байгуулагдсан тус компани 2004 онд үндсэн үйлдвэрлэлээ бүрэн зогсоосон бөгөөд хувьцааныхаа дансыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-д нээлгээгүй байна. Компаний хувьцаа 2016 оны зургадугаар сарын 8-ны өдрийн байдлаар хаалтын ханш нь 2200 төгрөг, зах зээлийн үнэлгээ нь 352.3 сая төгрөг байжээ. Нийт хувьцааны 76.47 хувийг дөрвөн хувьцаа эзэмшигч, 23.53 хувийг 904 хувьцаа эзэмшигч эзэмшиж байгаа юм. Тиймээс хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдан авахыг шаардах болон өөрт ноогдох ноогдол хувийн мөнгийг авахгүйгээр шинээр өөрчлөгдөн байгуулагдах ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр үлдэх эрхтэйг Хороо тогтоолдоо онцлон дурдаж, эдгээр эрхийг хувьцаа эзэмшигчдийн өөрсдийнх нь хүсэлтийн дагуу шийдвэрлэж ажиллахыг “Уран барилга” ХХК-д даалгалаа.

Түүнчлэн Хорооны ээлжит хуралдаанаар зарим банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоонд шинээр болон нэмж тусгай зөвшөөрөл олгох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
 

Эх сурвалж: СЗХ

Бусдад түгээх
  • gplus