Хэдхэн хоногийн өмнө европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй “Аваргуудын лиг”-т багийнхаа хамтаар түрүүлээд байгаа К.Роналдо энэ оны хамгийн өндөр ашиг, орлоготой тамирчнаар тодорчээ. Тодруулбал “Форбес” сэтгүүлээс энэ оны хамгийн өндөр орлоготой 10 тамирчныг нэрлэхэд Португаль залуу 93 сая ам.долларын орлогоор жагсаалтын тэргүүнд бичигджээ.
Түүний хувьд 58 сая ам.долларыг клубээсээ авдаг бол 35 сая ам.долларыг зар сурталчилгаанаас олсон байна. Тэрбээр Nike, Tag Heuer, Herbalife , Abbott Labs болон бусад зар сурталчилгааны компаниудтай гэрээтэй ажилладаг юм.
Дашрамд дуулгахад, нэрт хөлбөмбөгчин саяхан татварын хэрэгт холбогдсон билээ. Испанийн шүүхийн мэдээлж буйгаар тэрбээр 2011-2014 онд 8 сая еврогийн татвараас зугтжээ.Гэхдээ татварын байцаагчид уг хэргийг эрүүгийн хэрэг эсвэл захиргааны хэрэг гэж үзэх тал дээр санал зөрөлдөөнтэй байгаа аж. Хэрэв Португал хөлбөмбөгчин буруутай нь тогтоогдвол 8 сая еврогоор торгуулах эсвэл дөрөв хүртэлх сарын хугацаагаар шоронд хоригдож магадгүй байгаа юм.
Б.Сансар
Olloo.mn