Д.Сарангэрэл: Гурван их наяд тоглоом юм уу
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монголбанкны шалгалтын дүгнэлттэй холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Т.Аюурсайхан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийсэн юм.

Ажлын хэсгийн дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Үүгээр бол дээрх тогтоолын төсөл нь төв банкинд үүссэн 3.2 их наядын хуримтлагдсан алдагдлыг улсын төсвөөс хаах боломжгүй учраас уг алдагдлыг үүсгэсэн, хохирол учруулсан этгээдэд хариуцлага тооцоход чиглэсэн байна.

Энэ хэмжээний хохирол бий болоход зах зээлийн үнээс өндөр үнээр эд зүйл авсан, төв банк нь 2012-2015 онд 10 тэрбум төгрөгийг нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд зарцуулсан.

Холбогдох журам зөрчсөн буюу өмнө нь орон сууц авсан иргэнд орон сууцны дэмжлэг үзүүлсэн, хэдхэн хүнд удаа дараагийн шагнал урамшуулал олгосон.

Мөн хуулиараа арилжааны үйл ажиллагаа хийхийг хориглосон байтал, үүнийг давсан. Үүнээс болж, их хэмжээний хохирол учирсан гэж үзэж байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд авсан зээлээ зориулалт бусаар ашигласан аж ахуйн нэгжүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх заалт тогтоолд нь тусчээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Байнгын хорооны дүгнэлтээс төсвийн мөнгөөр алдагдлыг нөхөх боломжгүй учраас хувь хүнээр төлүүлэх нь ойлголт авлаа. Шүүх эрх мэдлийн байгууллагад хөндлөнгөөс нөлөөлж болохгүй. УИХ-ын тогтоол чинь өөрөө хууль. Тогтоолоор чиглэл өгч болохгүй.

Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан: УИХ Төв банкны үйл ажиллагаа хуульд нийцэ ж байна уу гэдэгт хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Н.Золжаргал бол хуульд заагдаагүй үйл ажиллагааг хэрэгжүүлж, алдагдалтай ажилласан. Хариуцлагын асуудлыг заавал хөндөх ёстой. Ямар ч хариуцлага хүлээхгүйгээр гадагшаа дотогшоо явчихдаг.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Өчигдрийн байнгын хорооны хуралдааныг зурагтаар харж байхад "Монголбанкинд алдаа байгаагүй хэнийг шийтгэх гээд буруутгах гээд байгаа юм бэ?" гэсэн зүйл яригдсан. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд Монголбанк гурван их наяд төгрөг гаргасан. Үр дүнд хүрээгүй. Яагаад үр дүнд хүрээгүйг ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан гишүүнийг ахиад нэг хэлээд өг гэж хүсмээр байна. Ажлын хэсгийн дүгнэлтээс харж байхад гурван их наяд төгрөгөөс маш бага хүүтэй аваад тэрийгээ банканд хадгаламж байдлаар байршуулаад мөнгө угаасан, баяжсан. Мах, орон сууц, шатахууны үнэ буураагүй, төгрөг үнэгүйдсэн. Ийм нөхцөлд буруу зөвийг тогтоохоор шалгахад юу нь буруу юм бэ? Гэтэл эдийн засгийн байнгын хорооны ихэнх гишүүд буруугүй, юуг шалгах гээд байгаа юм гэсэн байр суурийг илэрхийлж байх юм. Гишүүдийн хандлагыг гайхаж байна. Монголбанкинд хийсэн шалгалттай холбоотой тогтоолыг би гаргах ёстой. Хариуцлагыг тооцох ёстой. Ард иргэд үүнийг л хүсч байна. Гурван их наяд төгрөг тоглоом юм уу? Үүнээс болоод эдийн засаг ямар байна. Хэнд ч ойлгомжтой.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр үр дүнд хүрсэн үү гэвэл, үгүй. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн үнэ тогтворжуулах биш инфляци өсгөх нөхцөлийг бүрдүүлсэн. 2012-2016 оны хооронд монгол төгрөгийн ханш 80,8 суларсан. ААН-үүдийг ялгаварлан хөнгөлөлттэй зээлийг олгосон. Эдгээр ААН-үүдийн захирлууд зориулалтын бусаар ашигласан маш ноцтой зөрчлүүд илэрсэн. Энэ алдаагаа засахын тулд их хэмжээний валютын интервенц хийсэн. 2012 онд дөрвөн тэрбумын валютын нөөцтэй байсан бол 2016 нэг тэрбум болгож, үндсэндээ 7 тэрбум ам.долларын валютын интервенц хийж, улсынхаа валютын нөөцийг шавхсан үйл ажиллагаа хийсэн. Жилд 2 тэрбум ам.долларын интервенц хийгээд байхад төгрөгийн ханшаа барьж чадахгүй, төвбанкны үнэт цаас гаргаж зах зээл дээрх илүүдэл мөнгийг татах ажиллагаа хийсэн. Үүний улмаас хүүгийн алдагдал хүлээж байгаа юм. Хүүгийн алдагдал 524 тэрбум төгрөг, валют арилжааны алдагдаг 462 тэрбум төгрөг, валютын нөөцөө бүрдүүлэхийн тулд арилжааны банкуудтай своп хэлэлцэл хийсэн. Ингэхдээ 1,7 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ их алдагдал бол Монголбанкны бодлогын алдагдлаас үүссэн.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus